Бобслейн ДАШТ-ийг Сочид зохион байгуулах боломжгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-12-14 10:33:15

МОСКВА. /Reuters/. ОХУ-ын Сочи хот 2017 оны  бобслей ба скелетоны ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ алдлаа.

Олон улсын бобслей ба скелетоны холбоо мягмар гарагт мэдэгдэхдээ “тамирчид нь төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэж буруутгагдаж байгаа Орос улсад ДАШТ-ийг зохион байгуулах асуудалд "болгоомжтой байх хэрэгтэй” гэжээ.

2011-2015 онд төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт Оросын 1000 гаруй тамирчин хамрагдсан тухай дүгнэлт бүхий тайланг энэ сарын 9-нд Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлаг /ВАДА/ гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор бобслей ба скелетоны ДАШТ-ийг тус хотод зохион байгуулахгүй байхаар шийджээ.

Хоёрдугаар сард болох ДАШТ-ийг зохион байгуулах шинэ хотыг ойрын өдрүүдэд тодруулах аж.

Сочид ДАШТ-ийг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасныг Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ямар ч үндэслэлгүй улстөржсөн шийдвэр” гэж тодорхойллоо.

Бобслей ба скелетоны ДАШТ-ийг Германы аль нэг хотод эсвэл Швейцарийн Сент-Мориц хотод зохион байгуулах бололтой.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ