Төв аймгийн 57 багийн эмчид мотоциклийн батламж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-18 14:38:41
Yesukheitumur Tumurbaatar

Улаанбаатар хотноо болсон Төв аймгийн 27 сумын 97 багийн эмч нарыг чадваржуулах эмнэлзүйн сургалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд тус аймгийн 57 багийн эмч нарт мотоциклийн батламж гардуулжээ. Мөн сургалтын үеэр Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвд Пургон авто машин олгосон байна.

Төв аймгийн хэмжээнд 97 багаас 57 баг нь эмчилгээ үйлчилгээгээ үзүүлэхэд унааны дутагдалтай байдаг аж. Тухайлбал багийн эмч нар хамгийн багадаа 17 км, холдоо 200 км явж эмчилгээ үйлчилгээ үзүүлэх шаардлага гардаг байна.

УИХ-ын дарга М.Энхболд багийн эмч нарт хандан “сүүлийн жилүүдэд эх хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй байна. Тиймээс анхан шатны тусламж үйлчилгээнд эх хүүхдийн хяналт оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд багийн иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд анхаарч ажиллах”-ыг онцлон захисан юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын шагнал болох Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтнаар 5 хүнийг, ЭМЯ-ын жуух бичгээр 5 хүнийг тус тус шагнаж урамшуулав.

Дээрх сургалтад 27 сумын 80 багийн эмч нар хамрагджээ. "Аймгийн  хэмжээний  эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээ, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, Хүүхэд, өсвөр үеийн  тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, Тусламж үйлчилгээний чанар, Магадлан итгэмжлэлийн асуудалд багийн эмчийн оролцоо, Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж зэрэг сэдвүүдээр ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтнүүд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч лекц болон эмнэлзүйн сургалтыг явуулж цогц ойлголт өгсөн" гэж Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг хэллээ.

 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ