Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-20 00:00:58

Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газраас эрхлэн Үнэлгээний хороонд ажиллах эрх олгох "А3 сертификат"-ын сургалтыг гурван өдөр явуулж өндөрлөв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх хүрээнд тус сургалтыг явууллаа гэж тус  албанаас мэдээллээ.

Аймгийн Үнэлгээний албаны дарга Б.Сэлэнгээ:-“Уг хуульд “Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн эсвэл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ-аас томилсон иргэн, ЗДТГ-ын ажилтныг оролцуулна” гэж заасан учраас үүний дагуу үнэлгээний хороонд ажиллах хүмүүсээ бэлтгэж байна” гэв. Сургалтад аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч, төрийн захиргааны албан хаагчид, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл 50 гаруй хүн оролцлоо. Оролцогсод дээрх хууль болон хуулийн хэрэгжилтийн талаар мэдлэгтэй болж "А3 сертификат"-ыг гардаж авлаа. Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж ил тод байдлыг бий болгох чухал ач холбогдолтой болох аж.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ