Малчдын 50 хувь нь гадны суманд отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-20 18:58:05

Увс аймгийн Малчин суманд 40-70 см зузаан цастай, мал өвөлжихөд хүндхэн байдалтай байна.

Одоогоор сумын нийт малчдын 50 орчим хувь нь Увс аймгийн Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн болон Завхан аймгийн Ургамал суманд отроор өвөлжиж байгаа аж. Тодруулбал, 66 өрхийн 70 мянга орчим мал бусад сумдад отроор өвөлжиж байна. Сумын өвс тэжээлийн нөөцөд 40 тн өвс бэлдсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газарт хандаж нэмж өвс тэжээлийн тусламж үзүүлэхийг хүсчээ.

“Шил дагуудаа мал өвөлжих ямар ч нөхцөлгүй байгаа. Бусад сумдад отроор өвөлжиж байгаа малчдаа 11 сарын 25-29-ны хооронд эргэж тойроод ирсэн” хэмээн тус сумын Засаг дарга Б.Сайжрах утсаар мэдээллээ.

Сумдад отроор өвөлжиж байгаа малчдынхаа эрүүл мэндийн болоод нийгмийн асуудалд анхаарч ажиллах гэрээг тэрбээр дээрх зургаан сумын Засаг даргатай байгуулжээ. Отроор өвөлжиж байгаа малчдын дунд жирэмсэн эх гурав, 0-5 насны хүүхэд 13 байгаа аж.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ