Бэлчээр сэлгэж оторлоогүй мал өөхөн тарга авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 10:23:48

                                                                  /Тэмдэглэл/   

Цэлмэг  тэнгэр бүртийх ч үүлгүйн алсад  цаст Цамбагарав үзэсгэлэнтэй төгс харагдана.Алсад цаст уул сүмбэрлэж байхад Ховдын голд налгар намар налайна.

Ховдын голд өндөр ургасан битүү шигүү  харгана ногоон өнгөтэй, тарга хүчээ авсан хонин сүрэг таваараа идээшилж, саахалт айлуудын отрын жижиг гэрээс аргалын цэнхэр утаа суунаглах.

Эрдэнэбүрэн сумын Хонгио, багийн малчдын жил жилийн намрын отор хийдэг Ховдын гол малд тарга,малчдад хүч өгдөг увидастай нутаг аж. Голд намаржаад ууланд малаа оторлохоор   зэхэж буй Хонгио багийн малчин Ц.Шурхүүгийнд Ховд голын Нарийн усны бэлчирт намаржаандаа байх үед уулзлаа.

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл “цагаа бүртгүүлэлгүй” ажиллах  малчдад  малынх нь өнгө зүс л дүн тавьдаг аж.

Ц.Шурхүүгийн гэрийн гадна хонин сүрэг таваараа налайж, цаанаа л өег, өнгөтэй сайхан. Цомхон тавилгатай юм юмаар баян малчны  гэр отор нүүдэлд тун зохижээ.  

Тэр 1990 оны хувьчлалаар тухайн үед 10 гаруй шийр мал, ухна, хашаа энэ тэрхэнийг  хувьчилж авсан. Аав ээж нь түүнд айл гэр болж өрх тусгаарлахад 30 бог мал өгчээ. Аав ээжийн өгсөн буяныг арвижуулна гэдэг малч  ухаан, тэвчээр, уйгаггүй хөдөлмөр зүтгэл.

Малчин Ц.Шурхүүгийнх эх нутгаа манаж, хил хязгаараа сахиж, жилийн дөрвөн улиралд байгалийн ая араншинг дагаж яваа мянга мянган малчдын л нэг.

Эднийх сумын төвөөс 10-аад км Хойд хар усанд очиж малаа угаадаг. Тэндээсээ нүүж Дунд ус, Хар үзүүр, Мааньт хүртэл малаа оторлоод цасны зах үзээд л Хожгорт гарч өвөлждөг. Өвөлжөө хүртэл 70 км нүүдэг. Хавар 2 дугаар сарын 20-ноос малаа төллүүлэхээр дахин 70 км нүүнэ.

Сумын эмэгтэйчүүдийн чуулганаар малчин  эзэгтэй нар үндэсний өв соёлоо дээдэлж  өөлд дэвэлээр гоёж зургаа татуулжээ. Ц.Шурхүүгийн эхнэр Ц.Ганцоож гэх  ажилсаг, авхаалжтай, сааль сүүний ажилд гаршсан бас чамгүй үйлчин бүсгүй байна. Тэр малчны хөдөлмөр хүнд, тэтгэвэр тэтгэмжгүй, байгаль аашаа өөрчилж, цаг цагаараа байхаа больж, мал маллахад хүндрэлтэй байна  гэж  учирлаж байна лээ.

Шурхүүгийн зээ  Ариунзаяа өвөө, эмээ дээрээ өссөн танхил охин гар үзүүр түлээ зөөж, аяг угааж, цай аягалан инээд бутарсан хөөрхөн охин байна. 

Шурхүүгийн эхнэр Ц.Ганцоож өрөм аягалж, ааруул идээ, мах чанаж, гурилтай шөлөөр дайллаа. Эднийд би нэг зүйлийг   анзаарсан. Аймгийн зах дээр зардаг хонины мах, махнаасаа илүү өөх нь дийлсэн байдаг. Харин гэрийн эзэгтэйн чанасан мах өөх мах нь тэнцсэн алаг махтай, амттай сайхан  юм.

Сүүлийн үед  яагаад аймгийн зах дээр өөх дийлсэн мах зарж байгааг нэг ахмадаас асуусан юм. Тэр надад  нэг бол эм тариа хийдэг байх, үгүй бол  отор нүүдэлгүй хийхгүй нэг довын толгой мөлжөөд байвал дулаан байранд шигдээд хөдөлдөггүй хүмүүс таргалдаг. Түүнтэй адил мал бэлчээр сэлгэж оторлоогүй мал өөхөлж байхгүй юу гэж байлаа.

Тэгэхээр малын хариулга, малчны ухаан гэдэг тэр аяараа шинжлэх ухаан. Шурхүүгийнх  бэлчээрийн өвс ургамлын гарцыг ажиглан  улирлын байдалд тохируулан отор хийдэг нь  махны чанарт хүртэл нөлөөлдөг аж .

Эрдэнэбүрэний Хонгио багийнхныг аймаг, улсын алдартай сайн малчдын нутаг гэх.Хонин сүргийн өлгий болсон энэ нутгаас Улсын анхны аварга малчин Г.Дамдинсүрэн, Ч.Арслан, Ш.Баттулга ,Н.Сүхбаатар, Н.Олонбаяр нарын  олон алдартан төржээ. Тэгээд ч сумын 38 мянгат малчны 50-иас илүү хувь нь Хонгион малчид гэнэ.

Нутаг усандаа нэр алдраа дуурсгасан алдартай хоньчдын зулай дагаж, арга туршлагыг нь өвлөж яваа   малчдын нэг Ц.Шурхүү.

Малчин хүнд тохиох, жаргал, зовлонг тэр туулсаар л ирсэн. 2002 оны зуднаар нэлээн мал хорогдож, хэдэн сарлагаа зуданд алдаж харамсах халаглах үе ч байсан. Гэвч шантраагүй,  сүргийн бүтцээ сайжруулснаар хонин толгой дийлжээ.

Хонин сүрэг зонхилдог, хоньчин аваргууд төрдөг  энэ нутагт Хонины овоо ч бий гэнэ. Хонин сүлдтэй нутгийнхан Мааньт хэмээх газар эрт үеэс өвөг дээдэс байгаль эхээ дээдэлж тахиж иржээ. Жил бүр овоо тахилга хийж эрчүүд нь идээ цагаа өргөж, мал ахуйгаа даатган залбирдаг. Бас баг багаараа өөр өөр овоотой гэнэ.

Аймаг, сум, баг нь малчдын дунд төрийн  бодлогоо малчдад таниулах ажил хоцрогдоогүй гэдэг нь олон жишээн дээр харагдана.

Хонгион гол шинэ гуанзтай, багийн төвийн товхийсэн байртай, бас бартаат замаа засаж шинэ гүүр барьжээ.

Арваад малчин өрх нийлж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр чулуу ихтэй бартаат замыг хамтын хүчээр барьсан нь мал усанд автах бэрхшээлээс ангижирчээ. Нялх хурга, ишиг шар ус гатлах зовлонгүй болжээ. 

Эдний нутагт намарт цахилдаг дээгүүрээ шарлаад байгаа нь  малын ундтай устай өвөл болохын шинж гэнэ.Мод дээгүүрээ шарлавал уулаараа цастай, доогуураа шарлавал хөрсөндөө цастай өвөл болдог гэнэ.

Энэ намар 9 сарын 20  гэхэд тарвага ичсэн. Харин хавар айлсдаг хачиг намар ирж  гэнэ. Хачиг намраар  үзэгдэх нь  өдрийн өд мэт сонин  тохиолдол гэнэ. Намар ирсэн хачиг өнтэй өвөл болохын бэлэгдэл гэж үзэж,  нутгийн малчид тос түрхээд тавьсан хэмээн  сонирхуулав.

Ирж буй мичин жилийн өнгө гайгүй урьд жилүүдтэй адил сайхан өвөл болно гэж нутгийн бөө хэлсэн гэнэ лээ. Байгальд захирагдан отор нүүдлээ хийж, өвс тосоо базаасан малчид ирэх мичин жилд чамгүй бэлтгэжээ.

Харин Хонгион малчид нутаг тэлж Баян-Өлгийн Толбо руу чөлөөтэй нутаг сэлгэж отор хийх нь хориотой гэнэ. Бэлчээрийн даац хүрэлцдэггүй. Нутаг гандуухан жил Хашаатын ам, Хөх булангаас цааш малчдыг гишгүүлдэггүй. Малын хөлийн татвар нэхдэг аж.

Гэтэл манай аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн малчид орж ирж өвөлжиж, хаваржиж л байдаг. Бэлчээрт халтай ямааг цөөлж, хонин сүргээ түмд хүргээд байгаа малчдад бэлчээрээ сонгон нутаглах эрх баймаар л юм.

30 аад жилийн өмнө  онд малчин удмаа залгаж, анх тулганы галаа аасан тэр цагаас хойш  Ц.Шурхүү ,Ц.Ганцоож нар  жил   тасралтгүй мал маллаж өдий хүрчээ.

Эднийх морио уралдуулж хүлгийнхээ шандсыг сорьж,чөлөөт цагаараа  айл саахалтаараа шатар нүүж тоглох дуртай.

Хууль баталдаг төрийн түшээд малчдын талаар баримтлах бодлогод малчдыг цалинтай эрүүл мэнд, нийгмийн даатгалтай болгож хөшүүргэдэхгүй бол эх орны өнцөг булан бүрт энх цагийн торгон манаа болдог  малчдад төрөөс баримтлах бодлого гээ ч нь нэг л “хөндий” байна.

Бас малчид  хоршоо байгуулж ноос ноолуур ,түүхий эд,сүү саалиа боловсруулж зах зээлд нийлүүлэх  ажил цаасан дээр байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ