Хятадад бензин болон дизель түлшинд шинэ стандарт тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-26 14:33:44

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор ирэх онд орон даяар бензин болон дизель түлшинд шинэ стандарт тогтоожээ.

Ирэх сарын нэгнээс эхлэн БНХАУ-д бензин болон дизель түлшийг “Үндэсний V” стандарт буюу “Евро V” стандарттай ижил түвшинд байлгах тогтоолыг гаргалаа. Харин стандартад хүрээгүй шатахууныг худалдаалахыг хориглосон гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс мэдэгдэв.

Хятадын зарим хотууд аль хэдийн “Үндэсний V” стандартыг баримтлаад эхэлсэн боловч эх газрын ихэнх бүс нутгуудад стандартыг хэрэгжүүлж эхлээгүй байна. Энэхүү тогтоол нь агаарын чанарыг сайжруулахад тус дөхөм болно гэж комисс үзжээ.

Хятадын хойд нутагт агаарын бохирдол ихээхэн газар аваад байгаа бөгөөд үүний гол эх үүсвэр нь автомашинаас гарах хүлэмжийн хий юм. Одоогийн байдлаар 20 гаруй хотод агаарын бохирдлын түвшний улаан өнгийн анхааруулга өгөөд байгаа ажээ.

БНХАУ-д 2020 оны долдугаар сард гэхэд “Үндэсний VI” стандартыг баримтална гэж тус улсын Байгаль орчныг хамгаалах яам мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ