Аяны сар өндөрлөж шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-30 23:35:12

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс эрхлэн 11 дүгээр сарын 15-аас эхлэж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх архидан согтуурахтай тэмцэж нийтэд хууль сурталчилж олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хууль сурталчлах сарын аян”-ыг зохион байгуулсан. Уг аяны хүрээнд хяналтын камер гэрэлтүүлгийг шаардлагын хэмжээнд хүргэж гэр хорооллын айл өрхүүдийн гудамжны хаягжилт, тохижилтын ажлыг зохион байгуулж гэрэлтүүлэгтэй болгож камерын систем холбожээ.

Мөн гэр хороолол болон орон сууцны оршин суугчдыг “Хөршийн холбоо”-нд хамруулаж Багийн нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилд үнэлэлт дүгнэлт өгч байгууллагуудыг “Нийтийн эргүүл”, “Сайн дурын урамшуулалт эргүүл” зэрэг олон ажлыг хэрэгжүүлсэн байна. Аянд оролцсон байгууллага хамт олны ажлын тайланг ГХУСАЗЗ-ийн хурлаар хэлэлцэн шалгаруулж шагнал гардууллаа. Үүнд “Шилдэг баг”-аар Шарын гол сум болон Дархан сумын наймдугаар баг шалгарсан бол “Шилдэг Ерөнхий боловсролын сургууль”-иар “Жигүүр” цогцолбор сургууль, “Шилдэг Их, Дээд сургууль”-д “Дархан Өргөө” Политехникийн коллеж тус тус шалгарав.

Мөн “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье” сэдэвт санамж сэрэмжлүүлгийн ТВ-ийн рекламын уралдаанд Дархан сумын “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль тэргүүн байр, Шарын гол сумын зургадугаар сургууль, 15 дугаар сургууль удаах байр эзэллээ. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон Хонгор сумын Салхит багийн Б.Энхбат, Дархан сумын тавдугаар багийн Л.Цогзолмаа, наймдугаар багийн иргэн Б.Ариунаа нарыг урамшуулж шагнав. Түүнчлэн 2016 оны “Тэргүүний албан хаагч”-аар шалгарсан аймгийн Цагдаагийн газрын ахлах ахлагч О.Шинэбаяр, Ш.Мөнхсүх, ахлагч Э.Наранбилэг нарт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбаатар нар шагнал гардууллаа.

                                                                                                                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ