Энэтхэгт трансжендер хүмүүст зориулсан анхны сургууль нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2016-12-31 08:44:48

ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Ялгаварлан гадуурхлын улмаас сургууль завсардсан трансжендер хүмүүст туслах зорилго бүхий сургуулийг Энэтхэгийн Кочи хотод нээжээ.

Трансжендер хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, тэднийг хэл амаар доромжилж, биед нь халдлах тохиолдол Энэтхэгт цөөнгүй гардаг аж. Энэ мэт шалтгааны улмаас ийм хүмүүсийн бараг 50 хувь нь сургууль завсарджээ.

“Sahaj International” сургууль нь Энэтхэгт ийм хүмүүст зориулан нээсэн анхны сургууль юм. Тус сургууль 25-50 насны 10 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Тус сургуулийн захирал болох трансжендер Вижаяража Маллика ВВС телевизэд ярилцлага өгөхдөө “манай сургуулийн зорилго бол трансжендер хүмүүст ажил орлоготой, сайн сайхан амьдрах боломжийг нээх юм” гэжээ.

Трансжендер хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг журмыг баталсан Энэтхэгийн анхны муж болох Керала-д энэ сургуулийг нээсэн аж.

Энэтхэгт хоёр сая трансжендер хүн байдаг гэсэн тоо бий. 2014 онд тус улсын Дээд шүүх “транжендер хүмүүс хуулийн өмнө тэгш эрхтэй” гэсэн тогтоолыг баталсан юм.

Гэсэн хэдий ч тэднийг ялгаварлан гадуурхах тохиолдол гарсаар байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ