Аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн иргэддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж өнгөрч буй 2016 он ололт амжилтаар дүүрэн ирээдүйн их хөгжлийн эх суурийг тавьсан чухал үйл явдлаар баялаг жил байлаа гэв.
Тэрбээр “УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар Дарханчууд МАН-д итгэл хүлээлгэснийг бид өргөн утгаар ойлгож энэ их итгэлийг өндөр хэмжээнд ухамсарлаж байна. Аймгийн МАН-ын Орон нутгийн сонгуульд оролцсон “Есөн эрдэнийн мөрийн хөтөлбөр”-ийг иргэдийнхээ санал санаачилгад тулгуурлаж “Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилд баримталж ажиллах үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг боловсруулж батлууллаа. Шинэ оны өмнөхөн аймгийн ИТХ-аар 2017 оны төсвөө хэлэлцэн батлаж ирэх жилийнхээ зорилго, зорилтыг тодорхойллоо. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас ирэх онд: Төрийн албан хаагчдыг чадавхжуулж ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх замаар Төрийн албаны хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулахад анхаарна.
Мөн шийдвэр гаргахдаа иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх үндсэн хоёр зорилт дэвшүүлсэн. 2016 онд Төрөлх хотын маань 55 жилийн ой тохиосон нь түүхэн чухал үйл явдлуудын нэг байлаа. Тус ойгоор иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулж аюулгүй тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн олон бүтээлч, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ. Ажил хүлээн авснаас хойш нийт 30 гаруй удаагийн гадаад харилцааны уулзалт, арга хэмжээг Дархан хотод зохион байгууллаа. Энэ бүхний үр дүнд Хотын маань нэр хүнд Монгол улсад төдийгүй гадаадын олон оронд найрамдал хамтын ажиллагаа, ах дүүгийн харилцаагаар тодорхойлогдож дэлхийд нэрлэгдэх хот болон хөгжиж байна.
Иргэд, айл өрх, хөдөлмөрч хамт олон, үйлдвэрлэгчид, уран бүтээлчид, урлаг спортынхон маань бахархам амжилт, гаргаж аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөлөө. Тухайлбал: 2016 оны эхэнд Монгол улсын Өвлийн олимпийн анхны аварга Дархан-Уул аймгаас тодорсон бол оны сүүлчээр Дэлхийн аварга шалгаруулах Бодибилдинг, фитнессийн тэмцээнээс манай тамирчин Б.Бадамсүрэн алт, хүрэл медалийг хослуулан авчирч Дарханчууд төдийгүй Монгол түмнээ баярлууллаа. Дархан хотын дээд шагнал “Хүндэт иргэн” цол тэмдгээр Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга, Дархан сумын Засаг даргаар ажиллаж байсан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Доктор профессор Түмэнгийн Цэвэгмидийг шагналаа. Ингэснээр Дархан хот байгуулагдснаас хойшхи 55 жилийнхугацаанд нийт 23 дахь “Хүндэт иргэн” болсон юм.
Түүнчлэн Ой тогтоолтын дэлхийн аваргад оролцсон Монголын шигшээ багийнхан дэлхийн аваргаас медаль хүртэж дэлхийн дээд амжилтийг шинэчлэн тогтоолоо. Тус шигшээ багт манай аймгийн багачууд багтсан нь Дарханчуудын бас нэгэн бахархал байлаа. Иргэдийн эрүүл, аюулгүй амгалан тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангаж орон нутгаа хөгжүүлэх бидний зорилтыг Дарханчууд маань дэмжиж санаа бодлоо илэрхийлж гар бие оролцож байдагт талархаж байна. Ирэх онд бидэнтэй нээлттэй бүтээлч, үр дүнтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна. Шинэ оноо эрүүл энх, аз жаргал дүүрэн угтаж сайхан баярлаарай” гэв.
Б.Норовсамбуу