Малчдад туслах аянд нэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-31 16:07:06

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатын санаачилсан малчдад туслах аян үргэлжилж байна. Уг аянд одоогийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага нэгдэж хандив өргөжээ.

Малчдад туслах “1000 төгрөг”-ийн аянд Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хамт олон нэгдэж хандив өглөө. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат:-“Эдгээр цугларсан хандивыг 2017 оны 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэх юм. Учир нь энэ үеэр өвлийн идэр хүйтнийг дөнгөж давсан малчид маань хаврын хахирган үетэй золгодог. “Дэм дэмэндээ” гэдэг Монгол түмний  эрхэм сургаалийг санаж Дархан-Уул аймгийн ард иргэд, үйлдвэр, байгууллага, хамт олныг “”Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-д нэгдэхийг дахин уриалж байна” гэлээ.

Уг хандивын аянд тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиудын багш сурагчид идэвхтэй оролцож цуглуулсан хандиваа аймгийн ажлын хэсэгт хүлээлгэж өгөөд байна. Тэд хүн бүрийн өгсөн 1000 төгрөгөөс гадна малчдад хэрэгтэй төлийн уут, нэмнээ, лаа, бээлий зэргийг цуглуулсан аж.

          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ