Баяр, амралтын өдрүүдээр 15 хүнийг ослоос аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-02 11:33:33

ОБА-ныхан шинэ жилийн өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав.Баяр, амралтын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд 15 хүнийг осол, золгүй явдлаас  амь насыг нь аварчээ. 

Бичил уурхайд агааргүйдсэн, ногооны зооринд угаартсан, цас, мөсөнд цөмөрсөн, ахуйн осолд орсон зэрэг золгүйдлээс 15 иргэнийг авран эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч дөрвөн хүн ослын улмаас амиа алджээ. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийтдээ объектын 26 гал түймэр гарч, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн аврагч нар ажилласан байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар байрны 18 тоотод 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан гал түймэрт иргэн Х (72 настай, эмэгтэй), Б (58 настай, эрэгтэй), Ц (6 настай, эрэгтэй) нар угаартсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэжээ. Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш-2017” шинэ жилийн цэнгүүнд зориулан Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуун дахь Зүрх-Уул, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг газруудад ёслолын буудлага хийсэн. Ёслолын буудлагын үеэр 124 албан хаагч, гал унтраах зориулалтын болон тусгай зориулалтын долоон авто машинтайгаар хамгаалалтанд үүрэг гүйцэтгэжээ. Нийт Онцгой байдлын албаны хэмжээнд шуурхай албаны болон гал унтраах нийт 967 нэгж тусгай зориулалтын автомашин, техник, 2188 албан хаагч (давхардсан тоогоор) жижүүрлэн үүрэг гүйцэтгэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ