Палестинчуудыг эвлэрүүлэх уулзалтыг ОХУ зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2017-01-03 10:58:47

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Палестины улстөрийн гол хүчнүүд болох “Фатах”, “Хамас” болон палестинчуудын хооронд эвлэрлийг бий болгох зорилго бүхий бусад фракцуудын төлөөлөгчдийн оролцоотой уулзалт энэ сарын 15-нд Москва хотноо болно гэж Палестины Чөлөөлөх байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн Васель Абу Юсеф мэдэгдэв.

"Фатах”, “Хамас” болон Палестины бусад талуудын төлөөлөгчдийн уулзалтыг Оросын тал энэ сарын дундуур зохион байгуулна. Уулзалтын үеэр эв нэгдлийг хангах тухай асуудлыг хэлэлцэнэ" гэж тэрбээр хэллээ. 

Мөн тэрбээр “энэ сарын 15-нд ОХУ-д болох уг хэлэлцээтэй давхцаад Парис хотод олон улсын энх тайвны бага хурал болно. Палестины удирдлагууд Парисын бага хурал болон Москва хотод болох энэхүү уулзалтаар дамжуулан Палестинд энхийг тогтоохын төлөө ажиллаж байгаа гэдгээ харуулах хүсэлтэй байна” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Ойрхи Дорнод, Африкийн асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн төлөөлөгч Михаил Богданов 2016 оны зургадугаар сарын 3-нд Парис хотноо болсон Израиль-Палестины асуудлыг зохицуулах асуудлаарх олон улсын анхны бага хуралд оролцох үеэрээ “палестинчуудын дунд хагарал үүсээд байгаа нь энхийг тогтоох үйл явцад саад учруулж байна, энэ асуудлыг нэн даруй зохицуулах хэрэгтэй, ингэснээр Палестины статусыг хэлэлцэх үед палестинчууд нэгдсэн нэг төлөөлөгчөө илгээх боломжтой болно” гэж мэдэгдэж байсан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ