154 удаа цусаа бэлэглэсэн Д.Эрдэнэчулуунд "Алтан донор" өргөмжлөл гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-01-03 14:35:52

Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-өөс сар бүрийн гуравны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд доноруудаа урамшуулах, эгнээг нь өргөжүүлэх, тэднийг алдаршуулахаар JCI Капитал байгууллагатай хамтран Нэгдүгээр сарын гуравны өдрийг “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтов.

Цусны доноруудаа алдаршуулах ёслолын ажиллагаа ЦССҮТ-д болов. Эл үйл ажиллагааг нээж тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр хэлэхдээ,

"2012 онд Улаанбаатар хотын хэмжээнд 15 мянган донор цусаа өгдөг байсан бол 2016 оны эцсээр 25 мянга болж өссөн. Үүнийг дагаад цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмж чадлаа. 2016 онд шинэ барилга, тоног төхөөрөмжтэй болсноор урт хугацаагаар хадгалдаг бүтээгдэхүүний нөөц ч мөн нэмэгдэв. Хадгалалтын хэмжээ 3-5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Цаашид цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх боломжтой" хэмээн  онцлов.

Мөн тэрбээр Сүүлийн үед цусны нийлүүлэлтийг дагаад эрэлт өссөн. Ялангуяа II, III бүлгийн цус эрэлт ихтэй, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ГССҮТ, төрөх эмнэлгүүд тогтмол донорын цус захиалдаг. Өдөрт 80-100 иргэнээс цус авч нөөцөө бүрдүүлдэг. Доноруудын бэлэглэсэн цусыг -80 хэмд хоёр жил хүртэлх хугацаагаар хадгалдаг. Ялтаст эсийн бүтэцтэй буюу дусал цусыг тав хоног хүртэл хадгалж, эмнэлгүүдэд нийлүүлдэг. Цусаа хандивлах иргэд нэмэгдсэн ч, эрэлт тасрахгүй байгаа. Иргэдийн дунд аваар осол, хавдрын өвчлөл жил ирэх бүр ихэсч буй учир цусаа хандивлах иргэдийн урсгалыг зогсоохгүй, улам идэвхжүүлэх шаардлагатай хэмээв.

Ёслолын ажиллагааны үеэр 70-аас дээш цус өгөлттэй доноруудыг

“Хүрэл донор”, 100-аас дээш нь “Мөнгөн донор”, 150 дээш нь “Алтан донор”-оор, 10, 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудыг “Бахархал 10”, “Бахархал 20” тэмдгээр шагнаж алдаршуулав.

Монгол Улсын анхны донор эмэгтэй хоёр дахь “Алтан донор”-оор 1996 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Д.Эрдэнэчулуун, 9 дэх “Мөнгөн донор”-оор Н.Баянзул, 34, 35, 36 дахь “Хүрэл донор”-оор Т.Машбилэг, Л.Баянтунгалаг, Ц.Пүрэвгэрэл нарыг өргөмжлөв.

“Алтан донор” Д.Эрдэнэчулуун хэлэхдээ, "1996 онд Говь-Алтай аймгийн эмнэлэгт ажиллаж байхдаа цус алдаж ирсэн өвчтөнд анх цусаа сайн дураар өгч донор болж байлаа. Түүнээс хойш нийт 154 удаа цус цусан бүтээгдэхүүнээ өгсөн. Цусаа өгөх нь олон талын ач холбогдолтой. Хамгийн чухал нь хүний алтан амь аврахаас гадна өөрийнхөө эрүүл мэндийг байнга хянах боломжтой. Тиймээс хүмүүст хандаж цусаа бэлэглэж, олон хүний амийг аврахыг уриалж байна” гэв.

Мөн “Бахархал” тэмдгийн эздээр 9 донорыг тодруулж, 60-аас дээш удаа цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн 10 донорыг МУЗН-ийн “Энэрэл алт”, “Нигүүлсэл мөнгө”, “Шилдэг залуу алтан медаль”- аар тус тус шагнасан юм.

МУЗН-ээс цусаа бэлэглэсэн Б.Батбаяр, Г.Одончимэг, Б.Мөнгөнтуул нарын хүмүүнлэгийн үйлстэнд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэв.

Мөн энэ үеэр ЦЦСҮТ, JCI байгууллагын Монгол дахь төлөөлөл Монгол байгууллага, хэрэгжүүлэгч JCI Капитал салбар байгууллагатай 2017 онд цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ