Сум дундын анхан шатны шүүх 750 орчим хэргийг хянан шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Сум дундын анхан шатны шүүх нь өнгөрсөн онд эрүү, иргэн, захиргаа,давж заалдах шатны 750 орчим хэрэг хүлээн авч, зохих хууль журмын дагуу хянан шийдвэрлэжээ.
Тус шүүх нь 115 хүнд холбогдох 92 эрүүгийн хэрэг хүлээн авч 108 хүнд холбогдох 86 хэргийг эцэслэн шийдвэрлэж, үүнээс 102 хүнд ял шийтгэл ноогдуулсан байна. Шийдвэрлэсэн хэргийг урьд онтой харьцуулахад хэргийн тоо 28,3 хувиар буурчээ. Гэмт хэргийн улмаас иргэд, албан байгууллага, улсад 311,5 сая төгрөгийн хохирол учруулж, 14 хүн нас барж, 38 хүнд гэмтэл учруулжээ.
Харин Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 605 нэхэмжлэл, гомдол хүсэлт хүлээн авсанаас 58 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, гурван хэргийн буцааж, нэг тэрбум 430,9 сая төгрөгийн нэхэмжлэлтэй 477 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. 2016 онд шийдвэрлэсэн хэргийн тоо өмнөх оноос 28 хэрэг буюу 5,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжаар 31,8 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Захиргааны хэргийн анхан шаштны шүүхийн хувьд 36 нэхэмжлэл хүлээн авсанас 21 хэргийг хянан шийдвэрлэсэн бол, иргэний давж заалдах шатны шүүх нь эрүүгийн 16 хэрэг хүлээн авч 12 хэргийг шийдвэрлэсэн байна.
Т. Одончимэг