Томуу өвчнөөс шалтгаалж эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2017-01-13 11:49:16

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 9-ний байдлаар, амбулторын 98985 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчинтэй 9873 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 10.0 хувийг эзэлж буй нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.2 хувиар буураад байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ.

Нийт өвчлөгсдийн 77.49 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж буй бөгөөд орны ачаалал 16.4 хувиар нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан шинээр 400-гаад ор нэмсэн төдийгүй Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 50 ор шинээр байрлуулжээ. Цаашид улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 ор нэмж ажиллуулах, Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр нээх бэлтгэл ажлыг хангасан хэмээн албаныхан хэллээ. 

Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнөөдөр харьяа эрүүл мэндийн байгууллагуудад чиглэл өгч, цаашид авах арга хэмжээний талаар үүрэг өгөв.

 М.Аминаа

 

Холбоотой мэдээ