Задарсан утааг хашраах мөнгө Засгийн газарт бий юу

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2017-01-18 09:35:44

Улаанбаатарын утаа бол нэн шинэ сэдэв биш юм. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд хэвлэлийнхэн утааны уг сурвалж юу болох, нийгэм дэх хор хохирол, түүнээс хэрхэн ангижрах, Засгийн газраас болоод нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, түүний сул тал, үр дүн нь байндаа тусч чадаж байгаа эсэх гээд бүхий л өнцөг булан бүрийг нь самнаж нэгд нэгэнгүй бичсэн. Товчдоо бол шүүрэн шанага болтол нь бичсэн сэдэв юм.

Тиймээс ч энэ сэдэв бүр мөлийж, үзэгч сонсогчдын чихийг сэртийлгэхээ болчихоод байсан энэ үед нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж утааг олны анхааралд дахин авчирав.

Хотын дарга нэгдүгээр захирамждаа  улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүс бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байна хэмээн заажээ.

Хоёрдугаар захирамжаар нийслэлд агаарын бохирдолын 4 бүсчлэлийг тогтоов. Эхний бүсэд орсон ямар ч тохиолдолд яндангаас утаа гарахгүй. Хоёр болон 4 дүгээр бүсэд тодорхой заагтайгаар цахилгаан халаагуур эсвэл сайжруулсан түлш хэрэглэх нь.

Утааг хамгийн их олны анхааралд авчирсан гэх шийдвэр бол түүний гурав дахь захирамж. Тус захирамжид зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх эсвэл орон сууцны зээлд хамарсан иргэнд Улаанбаатарын үүд хаалга нээлттэй. Бусад тохиолдолд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хаалттай байх болно хэмээн тэрбээр мэдэгдсэн. Утааг үтэр түргэн арилаасай гэж хүсэх хүсэмж иргэн бүрт их байсан ч дуртай чөлөөтэй цагтаа хотын иргэн болж болохгүй нь гэх хязгаарлалт олон хүнд таалагдсангүй. Юуг ямар ч аргаар эсэргүүцэх дуртай хэсэг бүлгийнхний хувьд өмнөх хоёр захирамж ч таалагдсангүй.

ҮАБЗ “Утаа гамшгийн түвшинд хүрлээ” гэж тунхаглав. Хамгийн гайхалтай нь өчигдөрхөн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хазаарлуулсан хэмээн шаагилдаж байсан иргэдийн сэтгэл зүйд энэхүү шийдвэр яв цав нийцсэн нь тун гайхалтай. Өөрөөр хэлбэл, утаагүйгээр амьдрах гэсэн хэн нэгэн Доржийн удаан хугацааны хүлээлт, ҮАБЗ-ийн дүлэгнэж дүлэгнэж гарсан шийд арай гэж нэг юм огтлолцол дээр гарч ирсэн хэрэг.

ҮАБЗ өмнө нь утааны асуудлыг ярьж байсан уу гэвэл ярьж байжээ. Яг зургаан жилийн өмнө буюу 2011 оны нэгдүгээр сарын 14-нд утааны асуудлаар хуралдаад мөн л байгаль орчны асуудал гамшгийн хэмжээнд хүрч байна хэмээн дүгнээд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслийг санаачилж оруулж байсан аж. Улмаар Агаарын хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль батлагдан, улсын хэмжээнд тодорхой бүтцүүд ажиллаж эхэлсэн байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зайлшгүй хэрэгжүүлэх арга хэмжээ гэгчийг авч хэрэгжүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгаж байв. Хамгийн ахуидаа 50 тэрбум, хамгийн багадаа 5 тэрбум төгрөг зарж ирсэн ч бохирдол арилсангүй. Харин ч төсөвлөсөн мөнгөнөөсөө урвуу хамааралтайгаар утаа өтгөрсөн болохыг өнөөдрийн үйл явц илтгэнэ. Өнөөгийн Улаанбаатарын утаа иргэдийн ажиллаж амьдрах бүхий л орчин нөхцөл рүү шургалаад зогсохгүй хөрс ус, тоос тоосонцор, аюултай хог хаягдлын бохирдлоос үүдсэн нийлмэл шинжтэй болсон энэ үед албадлагаар ч хамаагүй утаанаас салах цаг болсон гэдгийг иргэд хүлээн зөвшөөрч байгаа бололтой.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн хуралдаанд, “Орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн, эндээс хохирохгүй үлдэх нэг ч хүн үгүй. Үндсэн хуулиараа бидний тунхагласан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал энд бүрэн утгаараа хөндөгдөж гарч байна. Энэ бол нийт гурван хүн тутмын нэгийнх нь асуудал. Дээр нь нэмж хэлэхэд төв суурин газар амьдарч байгаа бүх иргэдийн асуудал яригдаж байгаа юм. Тийм учраас өнөөдөр шийдэл ярина” хэмээн хэлсэн байдаг.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү хуралдаанд нэлээдгүй урт танилцуулга хийсний дотор утаагүйжүүлэх ажлын хүрээнд богино, дунд, урт хугацаанд хийх ажлын чиглэлээ тайлагнажээ. Тэрбээр богино хугацаа гэгчийг 2017 оноор тодорхойлж, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулах, агаарын бохирдлын эсрэг сангаа дахин байгуулж, уг сангаа нүүрс экспортлож байгаа компаниуд болон гол бохирдуулагчдаас татвар хураамж авах замаар хөрөнгө татна. Мөн банкуудыг ногоон зээл гаргуулах, тортог барих шүүлтүүрийг автомашинд суурилуулах, сайжруулсан түлшээр айл өрхийг хангах, иргэдэд бодит мэдээлэл өгч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн сурталчилгааны ажлыг зохион байгуулах гэх зэрэг ажлын төлөвлөгөө гүйцэтгэх засаглалын гарт байгаа юм билээ.

Засгийн газар утааны эсрэг ажлаа нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхээс эхлүүлсэн. Хүйтний улирлын ихэнх хугацаа дуусч байгаа үед ажил хийсэн болж, иргэдийн сэтгэл зүйгээр тохуурхлаа гэх шүүмжлэлд багагүй өртсөн. Гэхдээ зургаахан сарын өмнө төвхнөсөн Засгийн газарт хугацаа давчуу байсан тал бий. Гэхдээ л эхлэлээ тавьсан. Одоо шууд үр дүн нэхэх нь эртэднэ. Зөвхөн 2017 онд хэрэгжүүлэх ажилд гэхэд 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах тооцоог Засгийн газар гаргасан байна. Энэ хөрөнгө засагт байгаа эсэх, байсан ч бүрэн дүүрэн зарцуулах эсэхийг одоо хэлэх бололцоогүй. Учир нь улс ирэх гуравдугаар сард 580 ам.долларын зээл төлөх хуваарьтай. Эдийн засаг унасан энэ үед Засгийн газар зөвхөн утаанд бүх анхаарлаа хандуулж ажиллаж чадах нь ч эргэлзээтэй. Гэхдээ л тэд хийх ёстой. 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид МАН-д итгэл үзүүлж, тэд 65-ын бүлэг байгуулах хүртлээ бэхжсэн. Сонсогч олон тэдэнд ажил хийх бүрэн бололцоогоор хангасан. Хөрөнгө дутуу ч ажил хийе гэсэн чин эрмэлзэл, бодит бодлого байвал ажил гацах ямар ч шалтгаан байхгүй билээ. Өнгөрсөн 10-аад жил ярьж, 4-5 Засгийн газар дамжин агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Шинэ Засгийн газар энэ ондоо л 100 тэрбум төгрөг утааны эсрэг зарцуулна гэвэл их хүч хөдөлмөр, төсөв санхүүгээр дайрах нь.

Нэгэнт ҮАБЗ утааг гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн зарлаж, хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ хэмээн мэдэгдсэн байхад Засгийн газар ажиллахаас өөр сонголт үлдсэн гэж үү. Харин төсөв хөрөнгө дутсан тохиолдолд хандивлагч орон, байгууллагуудад хандахад буруудахгүй биз ээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ