Бүртгэлтэй байгаа ажилгүйчүүдийн 58 хувь 20-35 насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-18 11:48:32

Баянхонгор аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төслийг Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Тус хөтөлбөр батлагдсанаар аймгийн хэмжээнд бодитой байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөрлөх таатай орчин, хөдөлмөрийн зах зээл дэх тэгш боломжийг бүрдүүлээд дэмжлэг үзүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийг ажилтай орлоготой болгох зорилт тавьж байгаа аж. Тус хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэж батална.

"Ажилгүйдлийн үр дагавар нь хүмүүс ирээдүйдээ итгэх итгэл алдарч, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдаж, нийгмийн бүхий л үйлчилгээ авахад бэрхшээлтэй болж энэ байдал нь гэр бүлийн байдалд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс ажиллах хүчний багтаамжтай үйлдвэрүүдийг бий болгох, төрийн албанд ажиллаж буй тэтгэврийн насны хүмүүсийг тэтгэвэрт хугацаанд нь гаргах, бүлэг, хоршоо, нөхөрлөл, аж ахуй нэгж үүсгэн ажиллаж байгаа иргэдэд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр ажиллах хүчинг ажлын байраар хангах замаар нийгмийн тулгамдсан асуудал байсаар ирсэн"-ийг онцлоод ажилгүйдлийг бууруулах боломж байгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга хэлж байв.  

Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй байгаа ажилгүйчүүд 1515 байгаагийн 859 иргэн /56%/ эмэгтэйчүүд, 967 /64%/ иргэн тодорхой эзэмшсэн мэргэжилгүй ажилгүйчүүд, 876 иргэн /58%/ 20-35 насныхан, 42 хувь буюу 639 иргэн 35-аас дээш насны удаан хугацаагаар ажил эрхлээгүй эмзэг бүлгийн иргэд эзэлж байна. Тиймээс эдгээр идэвхтэй ажил хайж буй иргэдтэй эргэх холбоотой ажиллах ёстойг аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлж байна. Ингэж чадвал Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлэх ажилгүй иргэдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ нэгэнт бүртгүүлсэн иргэд ажлын байраар хангагдах боломж нэмэгдэнэ гэж харж байгаа аж.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтны зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулан, хүний амьдралын чанар, аюулгүй байдлыг сайжруулах, Хүн амын зорилтод бүлгүүдэд чиглэгдсэн хөтөлбөрүүдэд тусгагдсан хөдөлмөр эхрлэлтийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуучууд, ажилгүй иргэдэд мэргэжил сонгоход шаардлагатай ажил мэргэжлийн чиг баримжаа олгох боломж бүрдэх юм. Эдгээр зорилтуудыг хэрэгжилтийг аймгийн ИТХ, ЗДТГ, сумдын ИТХ, ЗДТГ болон төрийн бусад агентлаг, хувийн хэвшил, нийгмийн түншлэл, иргэний байгууллага, иргэний оролцоотой хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх замаар хангана гэж үзжээ.

                                                                                                                      Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ