Эрээн хотын нэрэмжит талбай байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-22 15:59:34

Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын Эрээн хоттой 20 жилийн турш хамтран ажиллах гэрээтэй аж. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Сайншанд сумын  төвийн “Алтанговь” худалдааны төвийн урд байх талбайг Эрээн хотын хөрөнгөөр барьж “Эрээн хотын нэрэмжит” болгохоор  орон нутгаас шийдвэрлэжээ.

Эрээн хоттой олон жилийн хамтын ажиллагаатай хэдий ч Эрээн хотын нэрэмжит гудамж, талбай Дорноговь аймагт байхгүй тул хамтын ажиллагааг билгэдэж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор дээрх ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.

Хөрш Эрээн хотын албаны хүмүүс ирэх хоёрдугаар сард Дорноговь аймагт зочилж өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулах ажилтай танилцаж, хэрхэн хэрэгжүүлэх тухай орон нутгийнхантай ярилцах аж.

Дээрх талбайг  тохижуулах төсөвт өртөг нь 300 гаруй  сая төгрөг бөгөөд талбайг тохижуулах  хөрөнгийг Хятадын талаас гаргах юм.

Дашрамд дурдахад Дорноговь аймаг энэ жил аймгийн төвийнхөө засмал зам, хуучин цэцэрлэгт хүрээлэнг өөрчилж, соёл амралтын хүрээлэн байгуулах гээд хот тохижилт, үйлчилгээний ажилд анхаарал хандуулж ажиллаж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ