Иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагатай хууль журмуудыг сурталчилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд өнөөдөр оны эхний анхдугаар хурлаа хийлээ.
Энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2016 оны ажлын үр дүнг хэлэлцэж, 2017 оны төлөвлөгөөгөө баталсан юм. Аймгийн ГХУСАЗСЗ нь өнгөрсөн онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд жигд явуулах, иргэд, олон нийтэд хүрч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, мэдээллээр хангах, гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хурдан шуурхай хүлээн авч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгаа хийх, хууль сурталчлах, тайлбарлах зэргээр холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан байна. Мөн “Гэр бүлийн хүчирхийлэлгүй амар тайван амьдарцгаая”, “Мал сүргээ гэмт халдлагаас хамгаалъя”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах соёлыг хамтдаа бий болгоё” зэрэг сэдвээр дөрвөн төрлийн зурагт хуудас, гарын авлага материал бэлтгэн 8000 хувь хэвлүүлж иргэд олон нийтэд хүргэж сурталчилжээ. Тэрчлэн Ойн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, ашигт малтмалын тухай хууль, Тамхины хяналтын тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, эрүүгийн хууль зэрэг иргэдийн амьдралд зайлшгүй мөрдөж, хэрэгжүүлэх шаардлагатай 11 хууль, 2 журмаар мэдээлэл бэлтгэн 7995 иргэнд сургалт, сурталчилгаа хийсэн аж.
Энэ оны ажлын төлөвлөгөөндөө ард иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагатай хууль журмуудыг сурталчлах тал дээр илүү их анхаарч ажиллахаар болсон байна.
Б.Батхүү