Эрүүл мэндийн салбарт Вьетнам, Бельги улстай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-01-26 10:51:21

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Элчин сайд Д.Билэгдорж, Бельгийн Вант Улсад суух Элчин сайд О.Оч нарыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг УИХ, Засгийн газар, ЭМЯ-ны санаачилга, Бельгийн Вант Улсын Засгийн газрын 100 хувийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дорнод аймаг дахь Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг бэхжүүлж, Монгол Улсын хоёр дахь шатлалын загвар эмнэлэг болгон бүс нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 4.6 сая еврогийн хөрөнгө оруулалт бүхий төслийг 2008-2011 онд хэрэгжүүлснийг танилцууллаа.

Гурван жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг өргөжүүлэн Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн чадавхийг сайжруулах зорилгоор 6 сая гаруй еврогийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд үүний 60 хувийг Бельгийн Вант Улсын Засгийн газраас хүүгүй зээл хэлбэрээр, 40 хувийг Монгол Улсын Засгийн газраас тус тус санхүүжүүлэхээр болсон гэдгийг хэлэв.

Эрүүл мэндийн сайдын зүгээс Бельги Улстай хамтран ажиллах хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, эмийн үйлдвэртэй хамтран ажиллаж Евро стандартыг нэвтрүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд Европын холбооны банкнаас хөнгөлөлттэй зээл авах боломжтой болох зэрэг асуудалд анхааран ажиллахыг хүсэв.

Бельгийн Вант Улсад суух Элчин сайд О.Оч саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн, цаашид эрүүл мэндийн салбарт анхааран ажиллахаас гадна Голланд Улстай эрүүл мэндийн салбарт харилцаа холбоо тогтоох саналтай байгаагаа хэлэв.

Эрүүл мэндийн сайд БНСВУ-тай хамтран ажиллах хүрээнд манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар түр хугацаагаар очиж ажиллаж, заавар зөвлөгөө өгөх, тус улсын Уламжлалт анагаах ухааны бодлогын тал дээр туршлага судалж, хамтран ажиллах боломжтой гэдгийг хэллээ.

БНСВУ-д суух Элчин сайд Д.Билэгдорж Монгол Улсад Вьетнам Улстай хамтарсан хүнсний био идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх бага оврын үйлдвэр ирэх 2 дугаар сард ашиглалтад орно гэдгийг дуулгалаа. Мөн тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг Германы лабораторид шинжлүүлсэн нь үр дүнтэй байсныг хэллээ. Мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Ханой хотын төв эмнэлэгтэй хамтын ажиллагаатай байдгийг дурдсан юм.

Элчин сайд нарын зүгээс хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, төлөвлөгөөт төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.  

 

Холбоотой мэдээ