Ц.Сайнууз:“Ядуурлын эсрэг биш залхуурлын эсрэг тэмцэе” гэдэг бол манай гэр бүлийн уриа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-26 16:56:09

Бүх дэлхий цасан нөмрөгөө нөмөрсөн энэ цаг мөчид цагаан цасан дунд ярайн харагдах Чингис хотын үзэмж юутай сайхан. Хүн амьдралыг ямар өнгөөр харна амьдрал яг тийм л өнгөтэй хэмээн ярих нэгэн буурлыг урьж, сонирхолтой яриа өрнүүлсэнээ ийнхүү буулгав.

Энэ хүн бол хөдөлмөрийн үр шимийг мэдэрч, бусдад мэдрүүлж яваа Ц.Сайнууз хэмээх эгэл эрхэм юм. Нас сүүдэр 70 шүргэж яваа хэдий ч залуу хүнээс дутахааргүй хөдөлмөрч, нямбай түүнийг Хэнтийчүүд  андахгүй мэднэ.

ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ БИЙ БОЛГОСОН...

Өндөрхаан уулын энгэр, Хатан Хэрлэнгийн хөвөөнөө тэртээх 1948 онд Цагааны гэр бүлд удам залгах хүү мэндэлсэн нь Сайнууз байлаа. Түүний хүүхэд нас жинхэнэ хөдөлмөр буцалсан нийгэм дунд өнгөрсөнөөр тэр одоо ч бахархдаг. Бусад хүүхдүүдийн адил цэнхэр даалимбан дээл дээр улаан бүч зүүж, улаан таван хушуу гялалзуулсан, даавуун цүнхээ үүрэн гүйж явсан балчир нас нь саяхан мэт сэтгэл зүрхэнд нь тодхон. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжиж байсан тухайн цаг үе хүнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлж, хөдөлмөрөөр хүн болгож байсны тод жишээ нь тэр өөрөө билээ. Сургуулийн хүүхдийн зуны даалгавар нь хүртэл ажил, хөдөлмөр байсан тухайн цаг үе одоогоос тэс өөр юм.  Аав ээж нь ажилдаа явсан хойгуур айл хөршийнхөө мод түлээг хагалж, үнсийг нь хүртэл асгаад өгдөг сайхан цаг үеэ тэрбээр дурсан ярих дуртай.   

ҮГ ҮЙЛДЭЛ ЗӨВТЭЙ  АМЬДРАХ НЬ ЧУХАЛ

“Хүн эцэг эхийнхээ хайралсан хэрээр ачийг нь хариулж хэзээ ч чадахгүй. Гагцхүү тэднийхээ нэрийг хугалахгүй, зөв амьдрах нь л ачийг нь хариулсанаас ялгаагүй зүйл юм шүү дээ” хэмээн ярих Ц.Сайнууз гуайн нүднээ өөрөөрөө бахархсан харц тодорно. Түүний  бодлоор амьрал гэдэг бол тэр чигтээ гэгээлэг ертөнц. Энэ гэгээлэг ертөнцийг харлуулж, харагдуулж байгаа нэгэн том хүчин зүйл бол залхуурал, ядуурал юм. Хөдөлмөр дунд хүмүүжсэн болохоор ч тэр үү түүний амьдрал тэр чигтээ завгүй өнгөрсөн гэхэд болно. Нефть баазын ажилтан цэл залуухан Ц.Сайнууз эхнэр С.Янжмаагийн хамт  зах зээлийн нийгэм эхлэхээс ч өмнө зах зээлд шилжжээ. Аливаа зүйлийг өөрийн гараар бүтээхийг оролддог энэ гэр бүлийн амжилт тэр үеэс л эхэлсэн юм. Хувцас эд хэрэглэл элбэг биш байсан тухайн үед Ц.Сайнууз ажлынхаа хажуугаар эхнэрийн хамт нарны малгайнаас эхлээд гольтпорм гутлыг хүртэл өөрсдийн гараар хийж, хэрэглэгчдэд нийлүүлдэг байжээ. Хувийн бизнес огт цэцэглээгүй байсан энэ цагт холыг харж чадсан түүний зүтгэл ирээдүйд хэрхэн үнэлэгдэж чадсаныг та бид мэднэ. Хүн үг үйлдэл зөвтэй, ажилч хөдөлмөрч байж чадвал түүнийхээ шагналыг заавал хүртдэг.

ХҮНИЙ АМЬДРАЛЫН ТУСГАЛ ҮР ХҮҮХДҮҮД

Хүн үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлнэ гэдэг тун чухал. Ц.Сайнууз, С.Янжмаа нар 4 сайхан хүүхэдтэй. Цаг наргүй хөдөлмөрлөх энэ гэр бүл хүүхдүүдээ өөрсдийн жишгээр ажил, хөдөлмөр дунд хүмүүжүүлжээ.  Нэн түрүүнд хариуцлага гэдэг зүйлийг ойлгуулахын тулд хүүхдүүддээ айлын том хүүхэд, бага хүүхэд ямар байх ёстой талаар ном зохиол уншиж өгөх ба буруу зөвийг ялгах ухааныг өөрсдөөрөө үлгэрлэн сургадаг байв. Тиймдээ ч өдгөө түүний хүүхдүүд нутаг орондоо зөв шударгаар хөдөлмөрлөн, сайн сайхан явна. Том хүү С.Мөнхбаатар нь  Батноров суманд мал маллан амьдардаг бол удаах охин  С.Мөнхтуяа нь давхар дэлгүүр буюу “Өндөрхаан уул” ХХК-ийн захирлаар ажилладаг. Дунд охин С.Мөнхсайхан нь “Мөнхшувуут” ХХК-ийн захирал бөгөөд бага хүү С.Мөнхбат нь  “Мөнх гүрэн” ХХК-ийг удирдан ажиллаж, Хэнтий нутгийнхаа хөдөлмөрч, манлайлагч залуусын эгнээг бэхжүүлж яваа билээ.    

ХҮН АЖИЛЛАЖ, ХӨДӨЛМӨРЛӨЖ Л БАЙВАЛ АМЖИЛТАНД ХҮРДЭГ

Ядуурлын шалтгаан бол залхуурал. Харин залхуурлын шалтгаан нь нийгэм өөрөө юм. Ц.Сайнууз гуай улсынхаа хэт хавтгайрсан халамжийн бодлогод санаа зовниж явдгаа нуугаагүй. Хүн ажиллаж, хөдөлмөрлөж л байвал амжилтанд хүрдэг.  “Ядуурлын эсрэг биш залхуурлын эсрэг тэмцэе” гэдэг бол манай гэр бүлийн уриа хэмээн ярих түүний амнаас унах үг бүр үнэ цэнэтэй санагдана.  Амьдарч буй цаг үедээ бусдад үлгэр жишээ амьдарна гэдэг амаргүй. Харин өнгөрсөндөө харамсахааргүй амьдарна гэдэг хамгийн сайхан нь...

 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ