Төрийн албан хаагчдын хүйсийн харьцаа 69:31 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-30 23:34:32

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус аймгийн төрийн албанд ажиллагсдын дунд явуулсан жендерийн тэгш байдлын судалгааны дүнг хэлэлцэв.

Монгол Улсын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн дагуу аймгийн Засаг даргын ахалсан “Жендэрийн тэгш байдлыг хангах аймгийн салбар хороо” ажилладаг. Тус салбар хороо шинэчлэгдэж 11 хүний бүрэлдэхүүнтэй болсон юм. Тэргүүлэгчдийн хуралд тус салбар хорооноос мэдээлэл хийж “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” болон “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж хэрэгжилтийг нь хангахад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гаргасан үүсгэл санаачлагыг дэмжиж тэдгээрийн ажлыг уялдуулж зохицуулах үүрэг хүлээн ажиллаж байна гэв. 

Түүнчлэн төрийн байгууллагад ажиллагсдын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээллийн баазтай болох зорилгоор төрийн 91 байгууллагаас судалгаа авснаар 2016 оны байдлаар аймгийн бүх шатны төрийн байгууллагуудад нийт 4192 албан хаагч ажиллаж байгаагийн 2910 нь буюу 69.4 хувь нь эмэгтэй албан хаагч буюу хүйсийн харьцаа 69:31 хувьтай байна. Харин нийт 206 удирдах албан тушаалтан байгаагийн 110 буюу 53,3 хувь нь эмэгтэй буюу хүйсийн харьцаа 53:47 байгаа нь аймгийн хэмжээнд удирдах албан тушаалтны хүйсийн харьцаа тэнцвэртэй байгааг харуулж байна гэлээ.

Мөн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг олон нийтэд сурталчлан таниулах ажлын чиглэлийг төрийн албан хаагчдаас гадна олон нийтэд хандуулж жендэрийн тэнцвэрт байдлыг хангуулахад аль ч хүйсээс үл хамаарч “Нүдэнд харагдахуйц” үр дүнтэй ажил зохион байгуулж ажиллахыг тус салбар хороонд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид үүрэг болголоо.

                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ