Магадлан итгэмжлэгдсэн 713 Эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-02-01 13:04:00

Өнгөрсөн 2016 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод 213, аймаг, орон нутагт 500, улсын хэмжээнд нийт 713 магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага /ЭМБ/ ажиллаж байна.

Тухайлбал, 2014 онд 213, 2015 онд 204, 2016 онд 127 ЭМБ магадлан итгэмжлэгджээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, байгууллагыг хөгжүүлэх  гол хэрэгсэл бол магадлан итгэмжлэл юм. Энэ нь байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргадаг.  

Сайн дурын үндсэн дээр ЭМБ өөрийн үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чанарыг үнэлүүлж магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ гаргаж, хөндлөнгийн шинжээч нар шалгуур үзүүлэлтээр үнэлдэг үйл ажиллагаа юм. Манайд 1998 онд УИХ-аар батлагдан гарсан Эрүүл мэндийн тухай хуулиар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эмнэлэгт магадлан итгэмжлэл олгох асуудлыг хуульчилж өгсөн. 2002 оноос ЭМБ-уудад магадлан итгэмжлэл олгож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд улсын хэмжээнд 1000 гаруй байгууллага магадлан итгэмжлэгджээ.

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд төр, хувийн хэвшлийн харилцан бие биенээ дэмжсэн үр дүнтэй түншлэлийг бий болгож, төрийн чиг үүрэгт хамаарах эмнэлгийн зарим тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна. Байгууллагыг сонгон шалгаруулах гол шалгуурын нэг нь  магадлан итгэмжлэл байдаг. Сүүлийн жилүүдэд олон хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал шинээр байгуулагдаж магадлан итгэмжлэгдэж, зарим тусламж, үйлчилгээг гүйцэтгэх сонгон шалгаруулалтад орж байгаа юм.

ЭМБ нь магадлан итгэмжлэгдсэнээр тусламж, үйлчилгээний технологийн мөрдөлт сайжирч, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд дээшилдэг төдийгүй  байгууллагын өрсөлдөх чадварыг бий болгож /сонгон шалгаруулалт/, төрөөс санхүүгийн дэмжлэг авах нөхцөл /ЭМД-ын сангаас санхүүжилт авах/-ийг бүрдүүлдэг ач холбогдолтой.

Магадлан итгэмжлэгдсэн ЭМБ-ын явцын хяналт, үнэлгээг сайжруулж, тусламж үйлчилгээний чанарын тасралтгүй байдлыг хангахад ЭМЯ-наас анхаарч ажилладаг. Магадлан итгэмжлэгдсэн ЭМБ- ууд ч төрөөс үзүүлсэн батламжлалыг алдахгүй тусламж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллах үүрэг хүлээдэг.

Д.Өлзий

Холбоотой мэдээ