Хүүхдийн эмч нарын ур чадварыг дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-06 18:57:41

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд "Зонхилон тохиолдох хүүхдийн өвчний тусламж үйлчилгээ" сэдэвт сургалт болж байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтанд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн эмч, сувилагч нараас гадна сумдын болон өрхийн эмнэлгүүдийн их эмч, бага эмч, сувилагч гэсэн 60 гаруй хүн оролцож байгаа юм. Улаанбаатар хотоос мэргэжлийн эмч нарыг урьж ирүүлсэн энэхүү сургалтаар амьсгал хямралын хам шинж, амьсгалын замын цочмог халдварууд, нярайн шарлалтын орчин үеийн оношилгоо, эмчилгээ, тархины цусан хангамжийн дутагдал, ховдлын цус харвалт, менингитийн оношилгоо эмчилгээ, дутуу бага жинтэй нярайн хооллолт асаргаа, хүүхдийн нэмэгдэл хоол гэх мэт чухал сэдвүүдээр ур чадварыг нь нэмж байна.

Дээрх сургалтын үр дүнд эмч сувилагч нарын мэдлэг ур чадвар дээшилж, бага насны хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөл буурна гэж үзэж байгаа ажээ. Өмнөговь аймагт өнгөрсөн онд 0-5 насны хүүхдийн эндэгдэл 31 гарчээ. Үүнээс 0-28 хоногтой нярай хүүхэд 18 байгаа бөгөөд тэдний 80 хувь нь дутуу төрсөн хүүхэд байжээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ