Ирэх сарын нэгэн хүртэл малчдыг хаваржаанд буулгахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-07 10:49:44

Ховд, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт  Монгол бөхөн болон Бог малын мялзан төст өвчин илэрч, мал, амьтад олноор хорогдоод байгаа билээ. Энэ нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зорилготойгоор Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 06-ны өдөр Ховд аймагт ажиллалаа. 

Тус ажлын  хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, мэргэжилтэн Н.Жамьянхүү, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Мал эмнэлэг, үржлийн газрын хэлтсийн дарга Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй ирсэн юм.

Энэхүү ажлын хэсэг аймгийн Онцгой комиссыг хуралдуулж аймгийн цаг үеийн нөхцөл байдал, Монгол бөхөн, Бог малын мялзан төст өвчны илэрц, тархалт, шуурхай авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын үр дүн, үүнд зарцуулсан зардал мөнгөний талаар мэдээлэл авлаа.

Онцгой комиссын хурлын үеэр Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, ОБГ-ын дарга онцгой байдлын ахмад Б.Алтанбадралт  Монгол бөхөн, Бог малын мялзан төст өвчны Ховд аймагт илэрсэн цаг үе, тархалт, шуурхай авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлынхаа үр дүн, үүнд зарцуулсан зардал мөнгөний талаар  танилцуулга хийсэн юм.

Ховд аймагт бог малын мялзан төст өвчин 2016 оны 08 сарын 24-ний өдрийн шинжилгээгээр батлагдсан. Үүнээс хойш уг  өвчинтэй тэмцэх  чиглэлээр аймгийн Онцгой комисс 15 удаа хуралдаж үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 28 асуудлыг хэлэлцэж холбогдох асуудлаар 78 шийдвэр гаргаж, Засаг даргын 8 захирамж хэрэгжүүлэн ажилласан байна. 

Ингэхдээ энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх  үүднээс Аймгийн хэмжээнд 17 сумын 91 багийн 7881 өрхийн нийт 2,850,766 толгой бог малыг вакцинжуулалтанд хамруулж, аймгийн хэмжээнд 378,701,466 төгрөгийн зардал гарсан байна.

Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сард Ховд сумын Баянбулаг багийн Салон гэдэг газарт Жаргалант сумын Рашаант багийн малчин А.Тунхатарын суурьт ямааны цэцэг өвчин илэрч УМЭАЦТЛ-ын 11 сарын 23-ны өдрийн шинжилгээний дүнгээр батлагдсан.

Дээрх малчны хотонд байсан 532 ямааг вакцинжуулан өвчний шинж тэмдэг бүхий 249 ямааг зориудаар нядалж, үхсэн 7 ямааны  хамт нийт 256 толгой ямааг заавар журмын дагуу булж устган хорио цээрийн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд халдварын тархалтыг таслан зогсоожээ. Уг өвчинтэй тэмцэх ажилд 52,050.000 төгрөг зарцуулан ажилласан байна.

Үүний дараагаар Ховд аймгийн Чандмань, Дарви сумдын нутаг дэвсгэрт Монгол бөхөнд бог малын мялзан өвчин илэрч аймгийн Онцгой комисс хуралдаж шуурхай байдал зарлаж ажиллажээ.

2017 оны 02 сарын 03-ны өрийн байдлаар Чандмань сумын Тахилт, Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт 578, Дарви сумын Мөнгөн аяга, Булаг, Мөрөн багийн Элсэн тохой, Тайны тохой, Хонгор тохой орчимд 1031 толгой нийт 1609 толгой бөхөн, 22 хар сүүлтийн сэг зэмд устгал хийсэн байна. Үхсэн бөхөнгийн 70 хувь нь янзага, 28,7 хувь нь шаргачин, 1.3 хувь нь ооно эзэлж байна.

Нэн ховор бөхөнгийн мялзан өвчлөлтэй холбогдох ажилд нийт 119,643,500 төгрөг батлагдсан. Өнөөгийн байдлаар үүнээс БОАЖГ-4 сая төгрөг, ХУНТХГНХЗ-633,862 төгрөг, Чандмань сум-31 сая төгрөг, Дарви- 32 сая төгрөг, Дөргөн- 4 сая төгрөг гээд нийт 72 сая төгрөг зарцуулагдсан байна.

Одоогийн байдлаар бөхөнгийн сэг зэмийг яаралтай цуглуулж устгалд оруулах, шатаах, хөрсийг ариутгах, халдваргүйжүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, байнгын пост ажиллуулах, нутгийн иргэдэд урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийх, бөхөнгийн сүрэгт Байгаль хамгаалагчдыг байнгын мониторинг судалгаа, ажиглалт хийлгэх гэх мэт шуурхай ажлуудыг зохион байгуулж, байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

Мөн цаашид халдваргүйжүүлэлт хамгаалалтын ажлыг сайжруулах тал дээр анхаарч малчин айл өрхийг  03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хаваржаанд буулгахгүй бөгөөд Дарви сумын 580, Чандмань сумын 550 буюу нийт 113 малчин өрхийн хаваржааны хашаа бууцад ариутгал халдваргүйжүүлэлт  хийх юм байна.  

Хуралдааны явцад Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал бөхөн нутаглаж байгаа бүс нутгийн малчидтай харилцан тохиролцож нүүдэл суудлыг хойшлуулах судалгааг хийх, бөхөн үхэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй тоон мэдээлэл яваад байгааг цэгцэлж, бодит  мэдээлэл  хүргэж байхыг  аймгийн Онцгой комисст  үүрэг болгосон юм.

Үүнээс гадна ан амьтан олон янзын шалтгаанаас болж хорогддог тул үхсэн амьтаны сэг зэм  бүрийг  мялзан өвчины тархалтаас болсон гэж  үзэхгүйгээр тодорхой шинжилгээ хийж байхыг сануулж, монгол бөхөн, бог малын  мялзан өвчинтэй  тэмцэх ажилд зарцуулагдсан зарлын тайланг  нягтлан шалгах тухай мэдэгдлээ.

Мөн шуурхай ажлын хэсэг аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй хууль эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, албан хаагчдын санал хүсэлтийг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ