“Универсиад-2017” наадам өндөрлөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-02-09 09:40:28

АЛМАТЫ. /KAZINFORM/. Казахстаны Алматы хотод өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн оюутны өвлийн спортын “Универсиад-2017” наадам өчигдөр орой албан ёсоор өндөрлөлөө.

 Дэлхийн 58 улсын 2000 тамирчин уран гулгалт, богино тойргийн тэшүүр, уулын цана, сноуборд, биатлон, гүйлтийн цана, хоккей /эрэгтэй ба эмэгтэй/, керлинг, цанын харайлт, цанын хоёр төрөлт, тэшүүр болон цанын чөлөөт харайлт гэсэн спортын 12 төрөлд 543 медалийн төлөө өрсөлдсөн юм.

“Универсиад-2017” наадмыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулж, бүх оролцогчдыг халуун дотноор хүлээн авсан Казахстаны зохион байгуулагчдад Олон улсын оюутны спортын холбооны /ОУОСХ/ ерөнхийлөгч Олег Матыцин наадмыг хааж үг хэлэх үеэрээ талархал илэрхийллээ.

Дараагийн Өвлийн Универсиад наадам 2019 онд ОХУ-ын Красноярск хотод болох аж. 2013 онд Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлын үеэр нэг сая гаруй хүн амтай Красноярск хотыг “Универсиад-2019” наадмыг зохион байгуулагчаар сонгожээ.

“Универсиад-2017” наадамд Оросын тамирчид нийт 71 медальтайгаар  (29 алт, 27 мөнгө, 15 хүрэл) түрүүлсэн бол зохион байгуулагч орон болох Казахстаны тамирчид 36 медаль (11 алт, 8 мөнгө, 17 хүрэл), Өмнөд Солонгосын баг 21 медальтайгаар (11 алт, 5 мөнгө, 5 хүрэл) хоёр ба гуравдугаар байрт орсон байна.

Өвлийн Универсиад бол хоёр жил тутамд зохион байгуулагддаг олон улсын спорт, соёлын наадам билээ.

Универсиад буюу Universiade гэдэг нь  ‘University’ ба ‘Olympiad’ гэсэн хоёр үгийн нийлэмж юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ