Японд нүдний даралтыг оношлох тусгай нүдний шил бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-09 12:03:50

ТОКИО./TASS/. Японы Кансай их сургууль, Осакагийн анагаах ухааны коллежийн судлаачдын баг нүдний даралт өвчнийг богино хугацаанд оношлох тусгай нүдний шил зохион бүтээжээ.

Одоо уг төхөөрөмжид туршилт хийж байгаа ба 2018 он гэхэд зах зээл дээр гаргах боломжтой аж.

Зохион бүтээгчдийн ярьснаар, нүдний даралт өвчний улмаас хараагүй болох тохиолдол гардаг бөгөөд уг өвчний эхэн үед нүдний хараа хэсэгчлэн муудаж эхэлдэг байна. Хэрвээ уг өвчнийг эрт үед нь илрүүлэх аваас өвчний даамжрах явцыг зогсоох боломжтой байдаг.

Гэтэл оношилгооны орчин үеийн аргууд нь зарим тохиолдолд хэтэрхий их цаг хугацаа шаарддаг төдийгүй эмнэлгийн стандарт үзлэгийн үеэр оношлогоо хийгддэггүйгээс өвчтөнүүд хэтэрхий оройтсон үедээ уг өвчнийг анзаардаг байна. Харин нүдний шил хэлбэртэй энэхүү төхөөрөмж нь шаардагдах сорилуудыг бүгдийг нь ердөө тавхан минутанд хийх боломжийг олгодог аж.

Төхөөрөмжинд суулгасан дэлгэцэн дээр тусч буй саарал цэгийг өвчтөн дагуулан харах бөгөөд энэ үед тусгай мэдрэгч нь өвчтөний нүдний хөдөлгөөнийг тэмдэглэн авч, үүний тусламжтайгаар эмч нар дүгнэлтээ хийх боломжтой ажээ.

Зохион бүтээгчид 4 дүгээр сард одоогийнхоосоо хавьгүй өргөн цар хүрээтэй туршилтыг явуулахаар төлөвлөж байгаа ба дээрх туршилт амжилттай болсон тохиолдолд шинэ бүтээл зах зээлд гарах юм. Үүний тулд эрдэмтэд ийм төрлийн тоног төхөөрөмж дагнан үйлдвэрлэдэг  нэгэн компанитай хэлэлцээ хийж байгаа аж.

Японы Эрүүл мэндийн яамны статистик мэдээллээр, тус улсын 40-өөс дээш насны иргэдийн ойролцоогоор 20 хүн тутмын нэг нь нүдний даралт өвчтэй гэж оношлогджээ. Нүд сохорсон тохиолдлудын 20 хувь нь энэ өвчинтэй холбоотой байдаг аж.

О. Барс

 

 

Холбоотой мэдээ