Умард Солонгос 46-60 ширхэг цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх боломжтой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ./TASS/. Умард Солонгос 46-60 хүртэлх тооны цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэхэд хангалттай хүрэлцэх хэмжээний цөмийн материалтай байх магадлал бий. Энэ тухай өнөөдөр Өмнөд Солонгосын “Чонан ильбо” сонины цахим хувилбарт тагнуулын албадын нууц мэдээллээс иш татан бичжээ.
Тодруулбал, Умард Солонгост 2016 оны байдлаар 758 кг хүртэлх хэмжээний баяжуулсан уран, 54 кг баяжуулсан плутон байж магадгүй аж. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, нэг цөмийн цэнэгт хошуу хийхэд 16-20 кг баяжуулсан уран эсвэл 4-6 кг плутон шаардагддаг байна. Эдгээр тоонд үндэслэн, Умард Солонгосын хувьд уран ашиглан 37-47 хүртэлх тооны цэнэгт хошуу, плутон ашиглан 13 хүртэлх тооны цэнэгт хошуу үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолжээ.
Өмнө нь шинжээчид тооцохдоо, Умардын цөмийн материалын нөөц нь хавьгүй бага буюу баяжуулсан уран 300-400 кг, плутон 40-50 кг бий гэж үзэж байжээ.
Умард Солонгос өнгөрсөн онд хоёр удаа цөмийн туршилт хийж, 20 гаруй удаа баллистик пуужин харван туршсан билээ. Үүний зэрэгцээ Пхеньян ойрын хугацаанд тив алгасах баллистик пуужин харвана гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн байна.
Цөмийн болон пуужингийн туршилт хийсний хариуд НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг авсан хоригоо чангатгах тогтоол гаргасан билээ.
Үүний хариуд Умард Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийж "манай улс цөмийн туршилтаа АНУ-ын дайсагнасан бодлогын хариуд өөрийгөө хамгаалах зорилгоор хийсэн, хиймэл дагуул хөөргөсөн нь сансрын уудмыг энхийн зорилгоор судлахад чиглэсэн" гэсэн байна.
О. Барс