Д.Даваасүрэн: Замын-Үүд-Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах ажлыг урагшлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-14 13:01:21

Гадаад харилцааны яамнаас тогтмол зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” уулзалт өнөөдөр тус яамны "Зөвшилцөл" танхимд боллоо.

Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,  “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт нийт 32 төсөл тусгагдсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд гурван талын “Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийг манай улсад байгуулах саналыг хоёр хөршдөө хүргүүлсэн.

Уг асуудлаар Монголын талын ажлын хэсгийг байгуулж, миний бие ахалж байна. Тус ажлын хэсэг “Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийн концепцийн монголын талын төслийг боловсруулсан. Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой асуудлаар гурван талын шинжээчийн түвшний уулзалтыг ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уулзалтаар нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийг хоёр талтай тохиролцож, ТЭЗҮ-ийг боловсруулан санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

Цаашид Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг шинэчлэн “Монгол экспорт” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, “Замын-Үүд-Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс” байгуулах асуудлыг урагшлуулна гэв.

Үүний зэрэгцээ хөрш орнуудын зах зээлд дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэх зорилгоор Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (АПТА)-т нэгдэн орох, Худалдааны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, гуравдагч хөрш орнуудтай болон эдийн засгийн нэгдэлтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, АСЕМ-ийн Эдийн засгийн сайд нарын уулзалтад оролцох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, эдийн засгийн гадаад сурталчилгааг үр дүнтэй зохион байгуулах зэрэг ажлыг ГХЯ-ны энэ оны анхаарлын төвд байх сэдвээр нэрлэж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтын үеэр гуравдагч хөрш буюу худалдааны гол түнш орнуудтай хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, өнгөрсөн оны 6 дугаар сард Монгол Улс, Япон Улсын хооронд эдийн засгийн чөлөөт хэлэлцээр байгуулсан. Гэхдээ хэлэлцээр баталснаар асуудал шийдэгдэж байгаа биш тул 13 дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, хоёр талын байнгын зөвлөлдөх механизмыг бүрдүүлсэн байна.

Мөн БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Өнгөрөгч 10 дугаар сард Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах Хамтарсан судалгааны багийн ажлын даалгаварт хоёр тал гарын үсэг зурж, хамтарсан судалгааны ажлын хэсгийн анхдугаар уулзалтыг 12 дугаар сард амжилттай зохион байгуулсан аж.

Түүнчлэн монголын экспортын бүтээгдэхүүн уламжлалт зах зээл болох ОХУ, Беларусь, Казакстан, Кыргиз, Армений зах зээлийн тариф, тарифын хориг саадыг бууруулах, арилгах үүднээс ЕвроАзийн Эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохиролцоод байна гэж тэрбээр ярив.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ