ДНХ-гийн сорилын хариуг 30-хан минутанд гаргах аргыг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-14 14:48:49

АНКАРА./TASS/. Туркийн нэгэн эрдэмтэн ДНХ-ийн сорилын хариу гарах хугацаа хэдэн цаг байсныг 34 минут болтол нь богиносгож болно хэмээн баталж байна.

"Анадолу" агентлагийн мэдээлснээр, Эгейн их сургуулийн доцент Хюсейин Онай цаашдаа сорилын дүнг ердөө 5-хан минутанд гаргадаг болгох  зорилт тавьжээ.

Онай сүүлийн 15 жилийн хугацаанд генетикийн салбарт судалгааны ажил хийж байгаа бөгөөд жил хагасын өмнө тэрбээр их сургуулийн технологийн паркт ДНХ-ийн сорилын илүү боловсронгуй технологийг бий болгох чиглэлээр дагнан ажилладаг хувийн компани байгуулжээ.

Эрдэмтний ярьснаар, Турк улс жил бүр хэдэн арван тэрбум лирийг гадаадаас ийм сорил хийх иж бүрдлийг худалдаж авахад зарцуулдаг байна. Онай сорилд ашиглах материалыг дотоодоос авч ашиглах болсноор бүтээгдэхүүний өртөг буурчээ.

Тэрбээр цаг хугацаа хожихын тулд генетикийн материалыг боловсруулах хэд хэдэн үе шатаас татгалзах асуудлыг шийдэж чадсан байна. Түүний ярьснаар, уламжлалт аргаар бол ДНХ-ийн эсийг салгах, тусгаарлах ажиллагаанд нэлээд их цаг зарцуулдаг байна. “Бид ДНХ-ийн эсийг тусгаарлаагүй, харин түүнийг агуулдаг шүлсийг анхдагч хэлбэрээр нь ашигласан” гэжээ.

Ердийн нөхцөлд ДНХ-ийн лабораторийн сорил хийхэд 6 цаг орчмын хугацаа зарцуулдаг байна. “Жишээлбэл, АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон үүнийг 2 цагийн дотор хийж байна. Харин бид энэ хугацааг 34 минут болгон богиносгож чадсан, энэ бол одоогийн байдлаар хамгийн дээд үзүүлэлт юм. Цаашдаа бид энэ хугацааг 30 минут хүртэл, улмаар 10, 5 минут болтол богиносгох гэж оролдох болно” хэмээн Онай ярьжээ. Эрдэмтэн өөрийн бүтээлдээ патент авахаар өргөдөл гаргасан байна.

Судлаачийн ярьснаар, сорилын дүн богино хугацаанд гардаг болсноор түүнийг хэрэглэх хүрээ өргөн болж байна. Жишээлбэл, аюулгүй байдлын үүднээс чухал объектууд болох банкууд, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд үүнийг ашиглах нь ихээхэн үр дүнтэй юм.

О.Барс

 

Холбоотой мэдээ