Ажлын байрны үзлэг шалгалт хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-16 08:45:00

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн байгууллагуудад ажлын байрны үзлэг шалгалт хийх ажлын хэсэг томилон ажиллуулж эхэллээ.

Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар, төсвийн байгууллагын бүтэц орон тоо, ажлын байрны тодорхойлолт байгууллагын хэтийн зорилго, үйл ажиллагааны чиглэлтэй уялдсан эсэх, төрийн албан хаагчдын төрийн албанд томилогдох болзол хангасан, цалинг тогтоосон байдлыг шалгах юм байна.

-Тухайн төрийн албан хаагчийн мэргэжил, мэргэшил ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэгтэй нийцэх байгаа эсэхийг нарийвчлан шалгахаас гадна, төсөв санхүүгийн хүндрэлтай байгаа нөхцөлд цалинг хэрхэн зөв тогтоож олгож байгааг холбогдох хууль журмын дагуу нягтлан дүгнэлт гаргахад энэ ажил чиглэгдэнэ гэж Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтаншагай ярьлаа.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн “Төрийн албанд мэргэшсэн албан хаагчдыг бүрдүүлэх зорилгоор ажлын байрны үзлэг шалгалт хийж, ажлын үүргийн хуваарийг оновчтой болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр энэ ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

М.Батжаргал

Холбоотой мэдээ