1500 иргэн эмнэлгийн тусламж авах боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-16 13:03:18

Алслагдсан бүсэд татварын хөнгөлөлт үзүүлнэ

УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр Жаргалант сумын Хайрхан багт байрладаг Ч.Отгонбаяр захиралтай “Цасны хаан” ЗГБХНөхөрлөлийн ажилтай танилцлаа.

Тус нөхөрлөл нь анх 2011 онд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бол одоогоор 12 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжиж өдөрт 20-25 гутал үйлдвэрлэн гаргадаг аж. Адуу, нохойн арьсаар гоёлын болон өдөр тутмын өвлийн гутлуудыг үйлдвэрлэдэг. Сайдад ажлаа танилцуулах үеэрээ Ч.Отгонбаяр “Алслагдсан бүсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хөнгөлөх тухай хууль нь нүдээ олсон хууль болсон. Цөөхөн хүн ажиллуулдаг манайх шиг газруудад татварын дарамт гэдэг бол том асуудал байсан. Үүнийг шийдвэрлэж өгсөнд баяртай байна. Цаашид нөхөрлөлөө өргөжүүлж, ажлын байраа шинэчлэснээр бид ганц өвлийн гутал биш дөрвөн улиралд гутлаа хийх бодолтой байгаа. Үүнд та бүхэн минь дэмжлэг үзүүлээрэй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт алслагдсан бүсийн ААН-ийн орлогын албан татварыг хөнгөлөх тухай хууль санаачлан УИХ-д өргөн барьж батлуулсан юм. Энэ хуулийн хүрээнд Ховд аймгийн хувьд нийслэл хотоос 1000-аас дээш километр алслагдсан бүсэд хамаарагдаж байгаа учраас 1,5 тэрбумаас доош орлоготой ААН-ийн орлогын албан татвараас 90 хувь  чөлөөлөгдөж байгаа ажээ. 

 1500 иргэн эмнэлгийн тусламж авах боломж бүрдлээ

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Асьфа констракшн компаний барьж гүйцэтгэсэн Ховд аймгийн Жаргалант сумын  Наран, Рашаант багийн өрхийн эмнэлгийн нээлт боллоо.

Уг нээлтэнд УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Жаргалсайхан нарын албаны хүмүүс оролцов. Энэхүү нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон аймгийн Эрүүл мэндийн газраас иж бүрэн компьютер бэлэглэсэн бол аймгийн Засаг даргын Тамгын газраас “Эрүүл мэндийн эрсдлийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд 500,0 мянган  төгрөг бэлэглэсэн юм.

Уг эмнэлэг ашиглалтад орсноор Наран, Рашаант багийн 6000 иргэн болон харъяаллын бус 1500 орчим иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах түргэн, шуурхай авах боломжтой болж байгаагаараа давуу талтай юм.

Хууль, хүчний байгууллагын албан хаагчидтай уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллах хүрээндээ салбарын сайдын хувьд хууль хүчний байгууллагууд буюу ШШГА, Цагдаагийн газар, Гадаадын иргэн харъяатын газар, Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүх, Прокурор, 0123-р цэргийн ангийн албан хаагчидтай нэгдсэн уулзалт хийлээ. Энэхүү уулзалтанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн дарга П.Мөнхбат нар оролцож энэ салбарт чиглэгдсэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар тайлан илтгэлээ тавилаа.

С.Бямбацогт 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан төр засаг өнгөрсөн хугацаанд улс орны төсөв хүнд байгаа ч ард иргэдийн амьдралд ач холбогдол бүхий олон чухал хуулийг батлан гаргаж, багагүй ажил хийж амжуулсан талаар уулзалтын эхэнд ярьж ХЗДХЯ-аас 2017 оныг Иргэдэд ойр эрхзүйн үйлчилгээний жил болгон зарласантай холбоотойгоор үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хуулийн байгууллагуудаар дамжуулан иргэд рүүгээ чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлэв.

Түүнчлэн энэхүү уулзалтын үеэр хамт олноо манлайлан ажилласан Б.Дагвадорж Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бигээр, Хуульзүйн албаны Тэргүүний ажилтан цол тэмдгээр Д.Цэцэгмаа, П.Алтанцэцэг, “Цагдаагийн алдар”-аар А.Тойлбай нар шагнагдлаа.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ