Манай гэрэл зургийн сурвалжлагч Н.Батбаярыг Ю.Цэдэнбалын нэрэмжит алтан медалиар шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЮ.Цэдэнбалын нэрэмжит Академиас өнөөдөр Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай тайлангаа тавьж, ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг шагнаж урамшуулав.
Тодруулбал, Ю.Цэдэнбалын нэрэмжит алтан медаль, Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн тэмдгээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, МУГЖ Т. Чулуунбаатар, Ю.Цэдэнбал Академийн гүйцэтгэх захирал Н.Баттөр, Радиогийн ахмад ажилтан Х.Оюун, Улаанбаатар Эрдэм дээд сургуулийн тэнхмийн багш М.Булган, “Үнэн” сонины Гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий, МОНЦАМЭ агентлагийн Гэрэл зургийн сурвалжлагч Н.Батбаяр нарыг шагнасан юм.
Ю.Цэдэнбалын Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ардын багш С.Галсан арга хэмжээг нээж хэлэхдээ, “Монгол нутагт соёл боловсрол цэцэглэж, дэлхийн тайзан дээр Монгол хэмээх нэр түгэн тархаж, Монгол үндэстэн сэргэн мандсан хагас зуун жил нь Маршал Ю.Цэдэнбалын эх оронч үйлс, эрдэм ухаан, нөр их хөдөлмөр бүтээлтэй нягт холбоотой юм. ХХ зууны Монголын сэргэн мандлын түүхийг гардан бүтээсэн ахмад үеийн гайхамшигт хүмүүс та бүхэн гарамгай удирдагч Ю.Цэдэнбалын тухай үнэн үгийг хойч үедээ бичиж үлдээн, хэлж өгч байгаа нь түүх соёл, удирдагчдаа хүндэтгэх үзлийг залуусын оюун санаанд төлөвшүүлэхэд хүндтэй хувь нэмэр оруулж байна” хэмээн онцолсон юм.
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн гаргаснаас гадна Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал", Д.Төрбатын бичсэн “Маршалын нууц товчоон” зэрэг түүхэн номыг хэвлүүлж олны хүртээл болгосон юм.
Б.Заяа