Азийн өвлийн спортын VIII наадамд Монголын тамирчид Төрийн далбаагаа залсаар орж ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-02-20 14:25:38

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Японы Саппоро хотноо Азийн өвлийн спортын VIII наадмын нээлт энэ сарын 19-нд нээлтээ хийв.

Хурд, хүч , авхаалж самбаа, ур чадвараа сорих Ази тивийн шилдэг тамирчид  спортын 11 төрөлд 64 багц медалийн төлөө долоо хоногийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Тамирчдын жагсаалаар эхэлсэн нээлтийн ёслолын ажиллагаа Японы соёлын онцлог, шинэ залуу үеийн эрч хүчийг харуулсан хөгжим, бүжгийн үзүүлбэр тоглолтоор үргэлжилж, наадмын сүлд дууллыг Японы алдарт Dreams Come True хамтлаг дуулав.

Азийн наадмын нээлтийн ажиллагаа Саппоро хотын бахархал болсон Саппоро цэнгэлдэхэд явагдаж,  Японы Эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито өөрийн биеэр хүрэлцэн ирж, тус наадмыг албан ёсоор нээжээ. 

Ёслолд Азийн олимпийн зөвлөл /АОЗ/-ийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Ал Фахад Ал Сабах хүрэлцэн ирж Азийн өвлийн спортын VIII наадмын нээлтийн үг хэлэхдээ “АОЗ Саппорог өвлийн наадмын “Төрөлх гэр” нь гэж үздэг. Наадам гэртээ эргэж ирсэнд баяртай байна. Та бүхний энэхүү дэмжлэгт маш их баярлаж байна” хэмээн онцолсон юм.

Азийн өвлийн спортын наадмыг Саппоро хот өмнө нь 1986, 1990 онд дараалан зохион байгуулсан туршлагатай. Олимпийн бамбарыг 1998 оны Наганогийн олимпийн тэшүүрийн төрөлд аваргалсан Х.Шимизу тэргүүтэй дөрвөн тамирчин буухиалан цэнгэлдэхэд залж, 1998 оны олимпийн аварга Масахико Харада бамбарыг асаасан юм. Энэхүү наадамд 32 орны нийт 2000 орчим тамирчин болон албаны хүмүүс оролцож байна.

Манай улсаас энэ удаагийн наадамд спортын дөрвөн төрөлд 42 тамирчин өрсөлдөхөөр очоод байгаа юм. Монгол Улсын Төрийн далбааг үндэсний шигшээ багийн биатлоны тамирчин Э.Бархүү залж нээлтийн ёслолд оролцлоо.

Дашрамд сонирхуулахад, Монголын баг тамирчдын хувьд Азийн өвлийн спортын наадамд завсаргүй /1986, 1990, 1996, 1999, 2003, 2007, 2011 онд/ 8 удаа оролцжээ. Харин манай тамирчдын үзүүлсэн амжилтуудаас дурдвал, цанын буухиагийн эрэгтэйчүүдийн баг тамирчид Азийн өвлийн олимпийн наадмаас 1990 онд анхны хүрэл медалийг хүртэж байсан бол 2007 онд уулын цана, чөлөөт гулгалт/freestyle/ төрлөөр хүрэл медалийн эзнээр Ү.Марал тодорсон юм. Харин 2011 оны өвлийн наадмаар бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанатай зүг чиг олох уралдаан /ski orienteering/-д 4 хүрэл медаль хүртэж байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ