“Шувууны үүр” номын сан олны хүртээл болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-23 15:28:40

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Соёлын төвийн хамт олон “Шувууны үүр” нүүдлийн номын санг 2015 оноос эхлэн ажилуулж байна. Соёлын төвийнхөө гадаа шовгор оройтой,  шувууны үүр хэлбэртэй, хаалга  цуургатай модон хайрцаг байршуулж иргэд олон нийтэд номын үйлчилгээ үзүүлдэг аж.

"Шувууны үүр номын сангаар үйлчлүүлэхэд юун түрүүнд бусдад хэрэг болохуйц, сонирхолтой нэгэн ном авчирч хайрцагт байрлуулна. Ингэсний дараа хайрцагт байгаа номоос сонголт хийж нэг ном авч урж гэмтээхгүй уншаад буцааж авчирна. Үйлчлүүлэхдээ шувууны үүрний хаалга цуургыг байнга  бэхэлж, хааж  байх журамтай. Утга зохиол, шинжлэх ухаан танин мэдэхүй гээд чөлөөт цагт зориулсан номыг иргэд ихээр солилцдог болсон. Өдөртөө 10 гаруй номыг шувууны үүр номын сангаар дамжуулж уншдаг" гэж Соёлын төвийн эрхлэгч Ч.Цэцэгмаа өгүүлэв.

Ном уншихыг хүссэн хүн бүхэн ажлын цаг дууссан ч,  амралтын өдөр эхэлсэн ч, өдөр, орой  ч хамаагүй очоод үйлчлүүлэх боломжтой нүүдлийн номын сангийн үйлчилгээ хөдөөгийн  иргэдийн оюуны эрэлт хэрэгцээнд нийцэж, талархлыг хүлээж чаджээ.

Тус сумын Засаг  дарга  Ц.Эрхэмболд Казахстан Улсад албан ажлаар явж байхдаа нүүдлийн номын сан ажиллуулж байхыг хараад орон нутагтаа туршиж үзэхээр шийдсэн нь бодит ажил болсон байна.

Дашрамд дурдахад Улаанбадрах сумын Соёлын төв 7000 гаруй номын фондтой бөгөөд хөрөнгө санхүүгийн боломжоос шалтгаалж  жилдээ 18 орчим номоор фондоо баяжуулдаг аж.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ