УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-02-26 20:05:13

УИХ-ын дарга М.Энхболд нийт ард түмэндээ хандан  сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Элэг нэгт ахан дүүс, Эрхэм хүндэт монголчуудаа хотол олноороо гал бичин жилээ үдэж Алтан унжлагат хэмээх Тахиа жилээ угтаж хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Цагаан сар бол ариун тунгалагийг айсуй өдрүүдийн баяр жаргалыг угтах ирээдүйн цог хийморийг бэлгэддэг өвөг дээдсээс уламжлагдсан монгол түмний давтагдашгүй өв соёл билээ.

Улиран одож буй бичин жил монголчууд бидэнд үр өгөөж хишиг буянаа хайрлалаа. Бас сургамж ухаарлаа үлдээлээ. Бороо хуртай дэлгэр зун арвин ургацтай налгар намар болж өндөрлөлөө. Малчин түмний минь уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр малын тоо толгой  61.5 саяд хүрч, 19 аймаг малаа таван төрөл дээр өсгөжээ. Тариаланчдын маань хураан авсан ургац сав дүүрэн байж, үр тариагаараа дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргах нөхцөл бүрдсэн. Үйлдвэрлэл, бизнес, соёл шинжлэх ухаан, урлаг спортын гээд олон салбарт монголын нүдэндээ галтай нүүрэндээ баясалтай эрхэм ухаан төгс охид, хөвгүүд олон сайхан амжилт гаргаж, монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтууллаа.

Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын сонгууль амжилттай болов. Монгол түмэн маань МАН-д итгэл хүлээлгэлээ. Буруудсаныг засах, бутарсаныг цуглуулах, унасаныг босгох үүрэг даалгаварыг ард түмэн энэ сонголтоороо бидэнд өгсөн. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө УИХ, Засгийн газар хичээн ажиллаж байна. Үүний үр дүнд зарим эерэг өөрчлөлтүүд гарч байна. Сүүлийн 4 жилийн турш тасалдаж байсан  төсвийн орлого 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 504 тэрбум төгрөгөөр давж биелэлээ. Гадаад худалдаа 1.6 тэрбум ам.долларын ашигтай гарахаар байна. Гадаад валютын албан нөөц 1.3 орчим тэрбум ам.долларт хүрлээ. УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтад онцгой анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, үйлдвэрлэл, биенесийг дэмжих, иргэдийнхээ нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах чиглэлээр эхэлсэн чухал хууль тогтоомжуудыг батлан гаргав. Улсаа өөд татах, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах бодлого зорилтыг манай ард түмэн сайн ойлгож, бүх нийтээрээ чармайж эхэллээ.

"Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно" гэсэн мэргэн үг бий. Монголчууд сэтгэлдээ галтай  итгэлдээ нартай ард түмэн. Энэ галыг өрдөн асаах дулаан халуун, амар амгалан нөхцлийг бүрдүүлэх улс орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бидэнд бий. Хэрэгтэй цагт эвлэлдэн нэгдэх, зөвийг дэмжих, тууштай байх чадвар монгол түмний заяагдмал шинж билээ. Тиймээс шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий монголыг цогцлоохын төлөө та бидний хамтын хичээл, зүтгэл сайн, сайхан ирээдүйд тун удахгүй хүргэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Уудам эх орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж амьдран суугаа ахмад буурлууд, ахан дүүс, нийт ард иргэддээ угтан золгож буй Алтан унжлагат  Тахиа жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлэн барья.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай!

 УИХ-ын дарга М.Энхболд

Холбоотой мэдээ