М.Энхболд: Эвийг нэгтгэж, хүчийг хамтатгах сайхан жил гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-27 11:10:23

Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд Төрийн ордноос нийт ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, "Шинэ гарсан сарын шинийн нэгний мэндчилгээг монгол төрийн хоймор болсон төрийн 9 хөлт цагаан тугны босгон дээрээс дэвшүүлж байгааг минь монголын нийт ард түмэн та бүхэн хүлээж авна уу.

Тахиа жил монголчуудад ээлтэй сайхан жил байсан түүхтэй. 1921 оны цагаагчин тахиа жил Ардын хувьсгал ялж, XX зууны монгол орныг дархлан бүтээх үндэс суурь тавигдсан байдаг. 1945 оны хөхөгчин тахиа жил монголын нийт ард түмэн өөрийн улс орны тусгаар тогтнолын төлөө саналаа өгч, улс орныхоо тусгаар тогтголыг баталгаажуулсан. 1981 оны цагаагчин тахиа жил монгол хүн сансарт нисч, монголчууд бид огторгуйн уудамд улс орныхоо нэрийг дархалсан түүхтэй.

Энэ жилийн тахиа жилд монголчууд бид эвийг нэгтгэж, хүчийг хамтатгаж эх орон монголынхоо эдийн засгийг сайжруулах, ард иргэдийнхээ ахуй амьдралыг өөд нь татахад ихийг хийж бүтээх сайхан жил болж гарч байна. Энэ жилийн  бэрхшээлийн ачааны хүндийг боломжтой, чадалтай, тэнхээтэй хэсэг нь илүү үүрч, ядарсан зүдэрснийгээ авч явж улс орон тахиа жилийн хүндрэлээс гарах болтугай хэмээн хүсэн ерөөе.

Шинэ гарсан “Алтан унжлагат” тахиа жил булган сүүлтэй байж, монголчууд бид бүхэн ажилтай орлоготой, айл өрх болгон аз жаргалтай, эрүүл энх байх болтугай хэмээн хүсэн ерөөе. Сайхан шинэлээрэй" хэмээв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ