Өмнөд Осетийн ерөнхийлөгч Орос улсад нэгдэн орох тухай мэдэгдэл хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-10-20 17:24:27

Өмнөд Осетийн ерөнхийлөгч Леонид Тибилов  Орос улсад нэгдэн орох  тухай бүх нийтийн санал асуулга явуулах тухайгаа мэдэгдэжээ.

 Энэ тухай өчигдөр Өмнөд Осетийн ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас уламжлав. Ноён Тибилов Орос улсын ерөнхийлөгчийн туслах  Владислав Сурковтой хийсэн уулзалтын  үеэр  энэхүү мэдэгдлээ хийсэн байна. Тус улсын тэргүүний үзэж буйгаар,  Орос улсад нэгдэн  орох нь Өмнөд Осетийн ард түмний зууны мөрөөдөл гэнэ. “Бид ахан дүүсийн барилдлагатай Орос улсад нэгдэж, олон зуунд манай улсын болон манай  ард түмний  аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хангах  түүхэн сонголтыг хийх ёстой улс төрийн бодит үед тулж ирээд байна“ гэж Леонид Тибилов онцлон тэмдэглэжээ.

Түүний яриагаар, бүх нийтийн санал асуулгын дүнгийн талаарх бүхий л  алхмууд нь Орос улстай зөвшилцсөний үндсэн дээр хэрэгжих боломжтой ажээ.

Өмнөд-Осетийн ерөнхийлөгчийн гэнэтийн эл мэдэгдэл Цхинвал болон Москваг цочирдуулжээ. Сонирхуулахад, Абхаз болон Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг Орос улс 2008 оны  8 дугаар сард Гүржтэй  таван өдөр үргэлжилсэн дайны үр дүнд хүлээн зөвшөөрчээ.  Тэр үед Орос улс Өмнөд Осетид 500 сая рублийн хүмүүнлэгийн тусламж  үзүүлсэн байна. Мөн 2008-2009 оны төсөвт  дэд бүтэц  сэргээхэд нь 10 тэрбум рубль илгээжээ. Өмнөд Осетийн төсвийн 90 гаруй  хувь  ОХУ-ын  буцалтгүй тусламжаас бүрддэг байна. 2014 онд  “2015 оны төсвийн тухай хуульд”  нийт 7,3 тэрбум рубль төсөвлөснөөс  6,7 тэрбум рубль /91%/   Орос улсын тусламж байна. 1998 онд Өмнөд Осетид Орос улсад нэгдэх тухай санал асуулга явуулахад  сонгогчдын 99,89 хувь дэмжжээ.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ