Өөх тосны солилцоо ба урт наслалтын хоорондох хамаарлыг олж тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-03-03 16:03:07

МОСКВА./TASS/. Олон улсын эрдэмтдийн баг олон төрлийн хөхтөн амьтдын зөөлөн эдийг судалж үзээд тосны буюу липидийн бодисын солилцоо нь тухайн төрлийн амьтдын наслалтын дээд хязгаарт нөлөөлдөг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ тухай пүрэв гарагт Сколтехийн /Сколково дахь инновацийн төвд байрладаг Технологийн их сургууль/ хэвлэлийн алба мэдээллээ.

Энэхүү судалгаа нь наслалт, хөгшрөлтийн үйл явцын үндэс болсон механизмыг тодорхойлдог молекулын механизмыг илүү сайн судлах боломжийг олгож байгаа юм. Судалгааны дүн "Nature Scientific Reports" сэтгүүлд нийтлэгджээ.

“Бид тухайн төрлийн амьтдын наслалт, тэдгээрийн липидийн бодисын солилцооны /метаболизм/ онцлогуудын хоорондын уялдаа холбоог тогтоож чадсан” гэж судалгааг санаачлагчдын нэг болох Сколтех-ийн эрдэм шинжилгээний ажилтан Екатерина Храмеева ярьж байна. 

Наслалтын дээд хязгаар бол биологийн аль нэг төрлийн амьтны хувьд тогтвортой үзүүлэлт бөгөөд төрөл зүйл бүрт өөр өөр байдаг. Сүүлийн 200 жилийн хугацаанд дундаж наслалт ихээхэн нэмэгдсэн боловч хүний насны дээд хязгаар өөрчлөгдөөгүй билээ.

Олон төрлийн амьтдын наслалтын байгалийн шалтгаан болон тэдгээрийн наслалтын зөрүүтэй байдлыг өнөөг хүртэл тодорхойлж чадаагүй байгаа юм. Олон орны эрдэмтдийн томоохон баг 35 төрлийн хөхтөн амьтдын тархи, бөөр, элэг, зүрх, булчингийн зөөлөн эдийн липид найрлагыг шинжлэн судалжээ. Наслалтын хувьд өөр өөр амьтдын зөөлөн эд дэх липидийн /тосны хүчил/ хуримтлал нь өөр өөр байдгийг эрдэмтэд олж тогтоосон байна. Ингэснээр липидийн бодисын солилцоо нь тухайн амьтны наслалтын дээд хязгаартай холбоотой болохыг нотлон харуулжээ.

Үүний зэрэгцээ липидийн молекулын химийн бүтэц нь наслалтад нөлөөлдөг болохыг илрүүлжээ. Тухайлбал, урт насалдаг амьтдын бүтцийн липид нь богино насалдаг амьтдын липидтэй харьцуулахад устөрөгчөөр илүү хангагдсан байдаг байна. Устөрөгчөөр ханасан липид нь хөгшрөлтөд хүргэдэг  исэлдэлтийн үйл явцад тэсвэртэй байдаг ажээ.

Үүний зэрэгцээ, эрчим хүч ялгаруулах үйл явцад оролцдог липидүүдийн хувьд хамаарал нь яг эсрэгээрээ байдаг байна. Урт насалдаг амьтдын эрчим хүчний ханаагүй липид нь богино насалдаг амьтдынхаас их байдаг аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, ийм липидүүдийг энерги болгон хувиргах нь эсүүдийн хувьд илүү хүндрэлтэй байдаг ба удааширсан бодисын солилцоо бол урт насалдаг амьтдын нэгэн онцлог юм. 

О.Барс

 

Холбоотой мэдээ