Монголын консулын газрын байранд хууль бусаар казино ажиллуулж байжээ

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
bars@montsame.mn
2017-03-07 17:09:21

МОСКВА./asiarussia.ru/.Москва хотын Арбатын гудамжинд байрладаг Монголын дипломат байгууллагын барилга дотор 1 сая орчим долларын үнэтэй шинэхэн нууц казино байдаг нь илэрчээ. Зааланд нь рулеткийн 5 ширээ, 17 мөрийтэй тоглоомын автомат тавьсан байв. Уг барилга Монголын Засгийн газарт харьяалагддаг болох нь тодорхой болсон ба тус улсын Элчин сайдын яамны консулын хэлтэстэй залгаа оршдог байна.

Үүнтэй холбоотойгоор цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд дипломат байгууллагын барилгад хэрхэн казино бий болсны учрыг олохоор ажиллаж байгаа аж.

Гадаад орны дипломат байгууллагын барилгад байдаг энэхүү “ашигтай” бизнес нь мөрийтэй тоглоомын бизнесээс гадна үнэтэй автомашинууд худалдан авч, тэдгээрийг Кавказад аваачин дамлан зарах зэрэг бизнесээс бүрддэг байна.

“Хүндэт Александр таныг эмчилгээний йогийн туршилтын үнэгүй курст тааламжтай цагтаа хүрэлцэн ирж суухыг урьж байна” гэсэн урилга бүхий нэрийн хуудсан дээр Москва хот, Каменная Слобода гудамж, 1 гэсэн хаяг байх ажээ. Энэ нь үнэн хэрэг дээрээ нууц казинод урьж буй хэрэг юм гэдгийг нууц мэдээлэгчид цагдаагийнханд хэлсэн байна.  

Дээрх хаягаар очиход уг барилгад ОХУ-д суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын хэлтэс байрладаг болохыг мэдээд цагдаагийнхан ихэд гайхжээ. Йогийн курс рүү орох хаалга нь энэ барилгад байдаг ч хаяг нь өөр байв: Спасопесковскийн туслах гудамж, 7/1.

Цагдаагийнхан отолт хийх явцад йогийн курст суух хүмүүс нь голчлон үнэтэй машин унасан бахим бүдүүн эрчүүд байсан агаад тэд нэлээд орой болсон хойно йогоор хичээллэх ямар ч хэрэгсэлгүйгээр ирдэг болох нь тогтоогджээ.

Цагдаагийнхан тэдгээр хүмүүсийн араас даган барилгад нэвтрээд гурван давхарт гарчээ. Зүүн жигүүрт нь электрон цоожтой төмөр хаалганы цаана өнөөх “йогийн курс” ажиллаж байлаа. Цагдаагийнхан үйлчлүүлэгчийн дүрээр дотогш нэвтрэн ороход тэнд жинхэнэ нууц казино ажилладаг болох нь тодорхой болжээ. Таван рулетк, 17 тоглоомын автомат, покерын ширээ, амралтын өрөө. Мөн тус байгууллагын кассанд нь 20 сая рубль бэлнээр байжээ.

Нэг ээлжинд 10 орчим хүн ажилладаг ба тэд бол менежер, кассчин, пит босс, хамгаалагч нар юм. 

Цалингаараа шинэ Audi-тэй болж амжсан жижүүрийн зохион байгуулагч залуу цагдаагийнханд эндхийн цалин бусад газруудынхаас өндөр байдаг хэмээн сайрхжээ. “Бусад газруудын зохион байгуулагчдын дундаж цалин нэг ээлжинд 3-5 мянган рубль байдаг бол манай ажилтнууд үүнээс хоёр дахин их мөнгө авдаг” гэж тэрбээр ярьсан байна.

Казиногийн ажилтан цагдаагийнханд ярьснаар, тэд олсон орлогоо нийслэлийн нэг компанийн дансанд тушаадаг байна. Уг дансанд орсон мөнгийг тансаг зэрэглэлийн, сүүлийн үеийн загварын Land Cruiser машиныг бөөнөөр нь худалдан авахад зарцуулдаг бөгөөд тэдгээр машинуудыг Кавказ руу аваачин зарж борлуулсны дараа хөрөнгө оруулагчидтай тооцоо нийлдэг байна.

Цагдаагийнхан хууль бусаар мөрийтэй тоглоомын бизнес эрхэлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба уг казино яагаад дипломат байгууллагын байранд ажиллах болсны учрыг олохоор ажиллаж байгаа аж. Улсын бүртгэлийн мэдээллээр уг барилга нь Монголын Засгийн газрын өмчлөлд байдаг бөгөөд тус дипломат байгууллагын ажилтнууд байранд нь казино ажилладаг болохыг мэддэг байж магадгүй. Энэ тохиолдол нь Оросын хуулийг төдийгүй дипломат харилцааг зохицуулдаг Венийн Конвенцийг зөрчсөн хэрэг болж байгаа юм.

“Ер нь бол Монголын консулын газар байрладаг барилгад хуулиараа бол байр түрээслүүлэх ёсгүй, ийм учраас энд ямар замаар казино байгуулсан бэ гэдгийг бид шалгаж байгаа” гэж цагдаагийн ажилтан ярилаа.

Шинжээчдийн үзэж байгаагаар, дипломат байгууллагын ажилтнуудыг буруутгах үндэслэл байхгүй аж.

“Дипломатууд байрныхаа нэг хэсэг өрөө тасалгааг агуулах эсвэл оффисын зориулалтаар түрээслүүлсэн тухай гараар бичсэн гэрээ үзүүлж, тэнд нь казино ажилладаг гэдгийг мэдээгүй” гэж хэлэх магадлалтай гэж өмгөөлөгч Руслан Коблев цагдаагийнханд ярьжээ.

                                                                                            http://asiarussia.ru/news/15419/

О.Барс

 

 

Холбоотой мэдээ