Амьдрах ухаан, бэлгийн цогц боловсрол олгох гарын авлага түгээж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-10 12:32:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, НҮБ-ын Хүн амын сан, Энхтайвны корпус, МУБИС болон олон улсын мэргэжилтнүүдийн аргазүй, хамтын ажиллагааны хүрээнд “Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагыг шинэчлэн боловсруулж олон нийтэд хүргэлээ.

Энэхүү багц гарын авлагын шинэчилсэн хувилбарын нээлтийн ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудлын Сүлд танхимд болов.

Монгол Улсад нийт ажилгүйчүүдийн 60 хувь нь залуучууд байна. 2010 онд 15-19 насны өсвөр охидын төрөлт 1000 эмэгэй тутамд 38 байсан бол 2013 онд 40.4 болж өсчээ. Гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлын 40 хувь нь 15-34 насны охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдсэн хэмээн бүртгэгдсэн байна. 2008 онд 10 мянган амьд төрөлтөнд ногдох үр хөндөлт 169 байсан бол 2013 онд 189 болж өссөн нь залуучуудын гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ хангагдахгүй байгааг харуулж байна. Мөн залуучуудын ердөө 21 хувь нь ХДХВ-ын талаар цогц мэдлэгтэй байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс энэхүү гарын авлага нь амьдрах ухааны боловсрол, бэлгийн цогц боловсролын талаарх ойлголтыг нэгтгэсэн бөгөөд орон даяар түгээх юм.

Нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлэхдээ, “НҮБ-ын олон агентлаг, бодлого боловсруулагчид, багш, ажил олгогчид, эцэг эхчүүд залуучуудад тулгамдаж буй бэрхшээлүүдээс урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлсээр ирлээ. Бидний олсон, бий болгосон шийдэл бол залуучуудад амьдрах ухааны бловсрол, бэлгийн цогц боловсрол олгох явдал юм. Олон улсын судалгаагаар залуучуудад амьдрах ухаан, бэлгийн цогц боловсрол олгосноор сургууль төгсөлтийн хувь, ажил эрхлэлт, орлого олох чадамж, амьдралын чанар, эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч, БЗДХ буурч, аливаа бэрхшээлийг давж туулах чадвар сайжирдаг нь нотлогдсон” гэв.

Нийт 5000 хувь хэвлэсэн тус гарын авлагыг хэрэглэгчдэд ээлтэй электрон хэлбэрээр болон харааны бэрхшээлтэй залуучуудад зориулан аудио, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулсан сурагчийн гарын авлага хэлбэрээр боловсруулсан байна.

Энэхүү гарын авлагад “Удиртгал”, “Өөртөө итгэх итгэл”, “Харилцаа”, “Холбоо тогтоох”, “Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах”, “Бусдыг мэдэрч ойлгох”, “Шийдвэр гаргах”, “Стрессийг зохицуулах”, “Төлөвлөх”, “Тунгаан бодох”, “Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх”, “Хорт зуршлаас татгалзах”, “Бэлгийн амьдрал:БЗДХ/ХДХВ-ээс сэргийлэх нь” зэрэг багц багтжээ.

Ж.Болор

Гэрул зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ