Ж.Батжаргал: Аливаа ажлын эхлэл сууринаасаа шалтгаалдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-12 23:44:31
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Ирэх дөрвөн жилд Төв нутгийн хэтийн төлөв, үйл ажиллагааны чиглэл,  томоохон төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагаа болон иргэдэд чиглэсэн бодлого зорилтуудын талаар Ж.Батжаргалтай ярилцлаа.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай хийсэн ярилцлагаа хүргэхийн өмнө түүний товч намтрыг дэлгэе. Ж.Батжаргал нь 1986-1990 онд МУИС,  1994-1996 онд ТЗУХИнститут тус тус төгсгөсөн. Ажлын туршлагын тухайд банкинд Эдийн засагч, Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын БОУлсын байцаагч, Баян-Өнжүүл сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, сумын Засаг дарга болон Төв аймгийн ИТХ-ын даргаар 2002-2012 онд сонгогдон ажиллаж байсан төрийн ажлын арвин туршлагатай. Өнгөрсөн оны орон нутгийн ИТХ-ын сонгуулиар сонгогдон өдгөө Төв аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Ингээд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай цаг үеийн асуудлаар болон ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажлын бодлого хөтөлбөрүүдийн талаар хийсэн ярилцлагыг хүргэе.

-Шинэ оны босгон дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж батлуулсан.  Хөтөлбөрийн онцлог болоод ирэх жилүүдэд баримталж ажиллах гол зарчим юу байна. Эндээс яриагаа эхлэх үү?

Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд ажилдаа орж багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд аймаг орон нутгийнхаа хөгжлийн өнөөгийн байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч, хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан аймгийн хөгжлийн бодлогуудаа тодорхойлж үндсэндээ дууслаа. Ирэх он жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлын бодлого зорилтууд нэгэнт тодорхой болсон энэ цаг үед бидний гол анхаарч байгаа зүйл бол эдийн засаг юм. Улс орны эдийн засаг тийм ч таатай биш байна. Иймд иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах, ажилтай орлоготой байлгах, хүний хөгжлийг хангах, нийгмийн салбарыг байгууллагуудын үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах, байгаль орчныхоо хамгааллын асуудал дээр онцгой анхаарал хандуулах, эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, хөдөө аж ахуйн салбараас гарч байгаа ашиг шим, түүхий эдийн боловсруулалтын чанарыг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч бодлогын гол чиглэл болгон ажиллаж байна.

-Энэ жилийн тухайд ямар онцлогтой жил вэ?

“Ажилтай-Орлоготой иргэн” уриан дор 2017 оныг зарласан бөгөөд хийж хэрэгжүүлэх бүхий л ажлууд, бодлого зорилтын талаар иргэд, олон түмэнд өргөн хүрээтэй мэдээлэл хүргэж, бүх сумдад урианы жилийн ажлын нээлтийг зохион байгуулж бас өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийнхээ хийж бүтээж байгаа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Энэ хүрээнд Төв аймагт “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм.

-Хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хийгдэх шинэлэг ямар ажлууд байна вэ?

Бид хүмүүсийг үйлдвэрлэл үйлчилгээ эрхэл, юм хийж бүтээ... гээд бодлогын хувьд анхаарал хандуулж, тодорхой хөрөнгө санхүүгийн хувьд дэмжиж болж байна. Хамгийн гол нь бидний хувьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих тухай асуудал юм. Аймгийн Засаг даргын шийдвэрээр жилд таван удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Үүнд “Цагаан сар-2017”, “Хөдөлмөрийн амт”, “Наадам”, “Хичээлийн шинэ жил”, “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар цаг хугацааг нь тодорхой товлож өгсөн. Үйлдвэрлэгчид энэ таван яармаг руу чиглэж ахиухан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явдал юм. Хэрэглэгч тал өөрсдийнхөө хэрэгцээг дээрх үзэсгэлэн яармагуудаас өргөн хүрээтэй хангаж нөөцөлж авна гэдэг байдлаар асуудалд хандах ёстой. Ингэж л үйлдвэрлэл-хэрэглээ хоорондоо холбогдсоноор аймагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр орон нутгийнхаа хэрэгцээг хангах бодлогын асуудал дэмжигдэх ёстой гэж ойлгож байгаа.

Нийгмийн салбаруудын хэрэглээний худалдан авалтыг орон нутгийн үйлдвэрлэгч нарын эрүүл ахуйн, чанарын стандарт хангасан бүтээгдэхүүнээр хангах бодлогыг барьж тодорхой шийдвэр гаргасан. Хажууд байх Улаанбаатар хотод Төв аймгийн бүтээгдэхүүнүүдийг байнгын худалдаалж байдаг цэг салбаруудын талаар ярьж түрүүчээс нь гэрээ хэлцлүүдийг хийж байнгын ажиллагаатай болгохоор судалж байна.

-Гадаад худалдааны чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна. Юун дээр гол анхаарал хандуулж байна вэ?

Шууд харилцаат зарим мужууддаа Төв аймгийн гол гол нэрийн бүтээгдэхүүний борлуулалтын цэгүүд байгуулах ямар бололцоо боломжууд байна, тухайн улс орон мужид энд үйлдвэрлэж байгаа ямар бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж болох вэ... гэдэг зах зээлийн судалгааг явуулж тандалт хийж байна. Хил залгаа хятадын хойд хэсэг Өвөрмонголын бүс нутаг, хойд талын Буриадын бүс нутагт Монголын тэр дундаа Төв нутгийн брэнд ямар бүтээгдэхүүн худалдаалагдаж болохоор байна гэдэгт судалгаа хийж харилцаа холбоо тогтоон бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах бодлого чиглэлтэй байна.

-Инноваци шингэсэн шинжлэх ухааны ололтыг хэрхэн нэвтрүүлж ашиглаж байна вэ?

Шинэ дэвшилтэт технологи дээр тулгуурласан үйлдвэрлэлийг онцгой анхаарч ажиллахын тулд БСШУСЯ-тай хамтран “Шинжлэх ухааны парк”-ийг Төв аймагт байгуулах талаар үндсэндээ тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ оны Төв аймгийн Засаг даргын “Үр дүнгийн гэрээ”-нд тусгуулж оруулсан. Энэ хүрээнд тодорхой судалгааны ажлууд хийгдэж байгаа бөгөөд хятадын талын дэмжлэг хөрөнгө оруулалттай дээрх ажлын эхлэлийг тавихаар зорьж байна.

“Шинжлэх ухааны парк”-ийг Төв аймагт байгуулна.

Мөн үйлдвэрлэл технологийн паркийн асуудал нь аймгийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан томоохон бодлогын нэг юм. Үүнийг хөдөө аж ахуйн чиглэлд илүү тусгуулах ёстой гэж тооцож судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байна. Мөн “21-100” Засгийн газрын үйл ажиллагааны “Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Цардуулын үйлдвэрийн талаар чухалчлан авч үзэж байна. Аймаг “Жижиг дунд үйлдвэрлэл-27” хөтөлбөрийг боловсруулж энэ хүрээнд сүү, ноос, махны зэрэг үйлдвэрүүдээс гадна газар тариалангийн бүтээгдэхүүний боловсруулалтын төвшинг ахиулах үйлдвэрүүд рүү анхаарал хандуулж байна.

ХААХҮЯамтай тохиролцож хуурай сүүний үйлдвэрүүдээс тодорхой тооны үйлдвэрийг аймагт байгуулахаар гэрээ хэлцэл хийгдэж байна. Зэргэлдээх аймаг сумдад байгаа сайн туршлагуудаас судалж, орон нутгийнхаа нөөц бололцоонд тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгуулагдсан үйлдвэрүүд байнгын ажиллагаатай, тогтвортой байх боломж судалгаануудыг нарийсган хийж байна. Ингэснээр үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлд ахиц үр дүн гарч үүнийг дагаад аймгийн эдийн засаг, үйлдвэрлэл тэлж хөгжинө. Иргэд ч ажилтай орлоготой байх боломж бүрдэх юм.

-Шинээр байгуулагдаж байгаа томоохон үйлдвэр, үйлчилгээний том төслүүдийг аймгийнхаа бодлоготой хэрхэн уялдуулж, орон нутгийн эрх ашгийг хэрхэн тусгуулж байна вэ?

Төв аймгийн иргэдийг олон улсын нисэх буудал, жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, хит бетоны үйлдвэрүүдэд ажиллуулахаас гадна үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудаас гарч байгаа хэрэглээг аймаг орон нутгаас хангах ёстой юм.

Олон улсын нисэх буудлын мах болон хүнсний хэрэгцээ гэж нэлээн юм бий.

Шинээр байгуулагдаж байгаа олон улсын нисэх буудлын мах болон хүнсний хэрэгцээ гэж нэлээн юм бий. Тэгвэл Зуунмод хотод европ технологитой шинэ мах байнга нийлүүлдэг махны үйлдвэр байна. Уг үйлдвэрээс махан бүтээгдэхүүнийг шинээр шууд нийлүүлж болох ямар сувгууд байгааг тооцож, борлуулалтын гэрээ хэлцлийг зах зээлийн маркетингийн зарчим дээр тулгуурлан явуулснаар үр өгөөж дээшлэх юм.

-Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогын талаар нэмж тайлбарлана уу?

Монгол Улсын Засгийн газар болон Солонгосын Засгийн газрын хэлэлцээрээр 10 аймагт дулааны станц барина. Энэ хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод шинээр дулааны станц баригдахаар техник эдийн засгийн үндэслэл, төслүүдийг бэлэн болгоод ЭХЯаманд хүргүүлсэн. Удахгүй нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.

1000 айлын орон сууцыг үргэлжлүүлнэ

Мөн инженерийн цэвэр ус ариутгал, татуургын системийн өргөтгөл, орон сууцны хангамжийн асуудал, өмнө нь эхэлсэн 1000 айлын орон сууцыг үргэлжлүүлэн бүрэн бариж дуусгах, шинэ төлөвлөлтүүд дээр инженерийн шугам сүлжээ татах, орон сууцны барилгажилтын хоёрдугаар үе шатыг эхлүүлэх, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдож чадаагүй хуучны орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах зэрэг цаг үедээ нийцсэн оршин суугчдын ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн хороолол бий болгох талаар анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран гэрээ хэлцэл хийж байна.

Сумдынхаа төвшинд 30 орчим айлын орон сууцнуудыг барих чиглэлтэй байна. Үүнд гаднын хөрөнгө оруулалт татах зорилготой байгаа бөгөөд эхний яриа хэлцэл амжилттай хийгдэж байна. Сумдын халаалтын системийг нэгдсэн системд холбох, сум, суурин газруудын ногоон байгууламж, зам талбайг сайжруулах талаар онцгойлон анхаарч ажиллана.  

Сум, суурин газруудыг агаар, хөрсний бохирдол багатай, хүмүүс нь ая тухай амьдрах бололцоо боломж бүрдсэн иргэдэд ээлтэй байх орчныг бүрдүүлсэн хөгжлийн ерөнхий концепц, алсын харааг харж бодлого төлөвлөлтүүдийг хийхээр ажиллаж байна.

-Төрийн бодлого үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байгаа вэ?

“Нэгдсэн үйлчилгээний төв”, “Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба”ыг байгуулж аймаг орон нутаг, нутгийн удирдлагын байгууллагуудад бодлого шийдвэрүүдийг хүргүүлж олон түмэнд сурталчлах, иргэдийн санал бодлыг сонсож, шийдвэрүүдэд тусгах, тэдний эрх ашгийг хангах талаар онцгой анхаарал хандуулж байна.

...хоёроос доошгүй багийн иргэдийн нийтийн хуралд оролцож мэдээлэл өгч, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

Аймгийнхаа бүх агентлаг хэлтсүүдийг энэ онд багтаан хөдөөгийн хоёроос доошгүй багийн иргэдийн нийтийн хуралд оролцож мэдээлэл өгч, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, тухайн салбараас иргэдэд хүргэх үйлчилгээг бодитой хүргэх, иргэдээс гарч байгаа санал, санаачлагыг аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд суулгах, ингэснээр орон нутагт тулгамдсан асуудлуудыг эрэмбэ дараатай шийдээд явах боломж бүрдэх юм.

-Эрүүл мэндийн асуудлууд дээр хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

Аль болох хөдөөгийн иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоог ойртуулж, шуурхай болгох тал дээр анхаарч нүүдлийн амбулатори энэ жил бүх сумдад ажиллуулахаар бодлого хөтөлбөртөө тусгаж ажилдаа орлоо. Аймгийнхаа нэгдсэн эмнэлгийг бид бүсийн оношилгоо эмчилгээний стандартад ойртуулах, ингэснээр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үйлчилгээ хүртэж байгаа иргэд онош тодруулахаар Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлгүүдэд очдог чирэгдэл, хугацаа алдалтыг багасгах учиртай гэж үзэн тодорхой гол оношилгооны тоног төхөөрөмжүүдийн хангалтыг нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд компьютер томографын аппаратыг төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан шийдэж байгаа. Мөн дижитал рентгений асуудлыг яамны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэлээ. Уян дурангийн асуудлыг аймаг, яам хоёр хамтарч сая шийдвэрлэсэн.

Дижитал рентгений асуудлыг яамны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэв.

Хөдөө сумдын эрүүл мэндийн төв, аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн стандарт хангалтын сайжруулах талаар судалгаа гаргаад байна. Шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдлыг хэдий хугацаанд хэрхэн нөхөх вэ гэдгийг тодорхой болгож, холбогдох яам, олон улсын байгууллагууд болон аймаг орон нутгийнхаа төсвийн бололцоо боломжид тулгуурлан 2019 онд багтаан тодорхой шийдэлд хүрч дууссан байх болов уу гэж зорьж ажиллаж байна.

-Төв аймаг мал аж ахуй, газар тариалан хосолсон аймаг. Тэгэхээр энэ хоёр салбарт хоёуланд нь ямар бодлого боловсруулж  ажиллаж байгаа вэ?

Мал аж ахуйн салбарт зарчмын хоёр том бодлого барин ажиллаж байна. Нэгдүгээрт, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг үр ашигтай болгон авч явах шаардлагатай. Үүний тулд нутгийн малыг шилмэл омгийн малаар сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацад малын тоо толгойг тохируулах зэрэг нь мал аж ахуйн хөгжлийн тогтвортой бодлогын үндэс юм.

Таримал тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрчимжсэн мал аж ахуйг дэмжинэ.

Хоёрдугаарт, тодорхой бүс нутагт таримал тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрчимжсэн мал аж ахуйг дэмжинэ. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхдээ дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулан хамгийн өндөр ашиг шим өгдөг чиглэл рүү орох ёстой гэж зорьж бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Мөн сүү болон махны чиглэл дээр түлхүү анхааран ажиллах болно.

Өнгөрсөн оны төгсгөлд  газар тариалангийн салбарын нийт ажиллагсад, эрдэмтэд, аж ахуйн захирлуудыг оролцуулсан “Газар тариалангийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн гарц” сэдвээр зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өнөөдрийн Төв аймгийн газар тариалангийн өмнө тулгамдаж байгаа ямар асуудлууд  байна. Үүнийг шийдвэрлэхэд ямар гарц байгаа болон хөгжлийг яаж харж байна гэдгийг ерөнхийд нь томьёолон нэгдсэн ойлголтод хүрч чадсан бөгөөд бодлогын баримт бичиг үндсэндээ боловсруулж дууссан. Уг баримт бичгийг баталснаар “Атрын гуравдугаар аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Малын тэжээлийн ургамал болон тариалалт-үйлдвэрлэлийн бүс гэдгийг зааглаж тогтоох ёстой.

Газар тариалангийн салбарын үйлдвэрлэл, үр өгөөжийг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүд авна. Үүнд хөрсний үржил шимийн хамгааллыг сайжруулж, уринш боловсруулалт болон ногоон бордуурт уринш буюу газрын үржил шимийг сайжруулах, цулгай уриншийг бууруулах тухайд анхаарал хандуулж байна. Нөгөө талаар аймгийн газар тариалангийн бүс дотроо малын тэжээлийн ургамал болон тариалалт-үйлдвэрлэлийн бүс гэдгийг зааглаж тогтоох ёстой. Ингэснээр төв суурин газарт байгаа эрчимжсэн олон аж ахуйн тэжээлийн хэрэгцээг найдвартай хангах, болж өгвөл гадагш нь зах зээлд гаргах боломжтой гэж үзэж байна.

-Хүнсний ногооны үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэх томоохон зорилт тавьсан гэж сонссон. Энэ талаар нэмж тайлбарлана уу?

Нэгэнт монгол улс хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж чадаагүй байгаа энэ цаг үед ахиухан шиг зүтгэж чадах юм бол бас бидэнд том боломж байна гэдгийг харсан. Тодорхой зарим агуулах, үр үржүүлгийн аж ахуйтай гэрээ хэлцэл хийж санал бодол солилцож санамж бичгүүдэд гарын үсэг зурж байна.

Үр үржүүлгийн аж ахуйтай гэрээ хэлцэл хийж санал бодол солилцож санамж бичгүүдэд гарын үсэг зурж байна.

Ингэснээр бид аль болох хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тавьсан зорилтоо хангахаас гадна мөн өрхийн аж ахуйн чиглэлээр төв суурингийн айл өрхүүд хашаанаасаа өөрийн хэрэгцээт хүнсний ногоонуудыг авах, жимс жимсгэнэ тарьж ургуулах, тэр бололцоо боломжийг нь бүрдүүлэх тал дээр судалгаа хийж байна. Энэ бүхний дүнд газар тариалангийн салбар дэвшүүлсэн зорилтоо хангаж чадна гэж тооцсон юм.

-Төгсгөлийн асуулт, өнгөрсөн хугацааны ажлуудаа тоон дүнгээр товч дүгнэвэл...?

Газар тариалангийн салбар өмнөх оноос 2.5 дахин өссөн.  2015 онд 35 мянган тонн үр тариа хурааж байсан бол энэ жил 85.7 мянган тонн үр тариа, төмс 64 мянган тонн, хүнсний ногоо найман мянган тонн, малын тэжээлийн ургамал 12 мянган тонныг хураан авч газар тариалангийн салбарт чамлахааргүй амжилт олсон байна.

Энэ жил 85.7 мянган тонн үр тариа, төмс 64 мянган тонн, хүнсний ногоо найман мянган тонн, малын тэжээлийн ургамал 12 мянган тонныг хураан авсан.

Аймгийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт ДНБ-ний 13 орчим хувиар нэмэгдэж өмнөх оноосоо өсөх тооцоолол гарч байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 42.5 тэрбум болж өмнөх оноос 10 хувиар өссөн. Шинээр 1400 орчим ажлын байр бий болгож улс, аймгийн хөрөнгө оруулалтаар 7.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт ажлыг хийж амжуулав. Аливаа ажлын эхлэл сууринаасаа шалтгаалдаг. Өнгөрөгч оны ажлын гүйцэтгэл харьцангуй тааламжтай байна.

-Халуун яриа дэлгэсэн танд нийт Төв сайхан нутгийнхны өмнөөс баярлалаа. Орон нутгаа хөгжүүлэх гэгээн үйлсэд тань амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

За баярлалаа. Төв сайхан нутгийн түмэн олон маань өвлийг өнтэй сайхан давж, урин хавартайгаа золгож, ажил үйлс нь өөдрөг байх болтугай.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ