Их нартад эко туризмыг хөгжүүлэх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалын есөн гайхамшгийн нэг Даланжаргалан сум дахь Их нартын байгалийн нөөц газар.
Хүний гараар урласан уу гэмээр эртний хот балгадыг санагдуулам элэгдэж эвдэрч, сунаж тогтсон сүрлэг хадны тогтоц, хадны дундаас дүүлэн харайх аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээр хийгээд тэнгэрт эргэлдэх жигүүртэн шувууд, харь нутгаас нүүдэллэдэг нүүдлийн олон шувууд нь дөрвөн улирлын ааш аягтай хэдийнээ зохицож хэдий ч хамаагүй очиход ер бусын гайхамшгаа дэлгэдэг байна.
Байгалын үзэсгэлэн бүрдсэн энэ нутгийн унаган экосистем,түүний биологийн олон янз байдал нь эко туризмыг хөгжүүлэхэд сонирхол татаж Монгол улсын ШУА,АНУ-ын Денверийн зоологийн сантай хамтран 2ОО1 оноос хойш урт хугацааны төсөл дээр Америк,Орос,Герман,Монголын судлаачид, оюутнууд ажиллаж байна.
Дорноговь аймгийн баруун хойд хэсэгт Айраг, Даланжаргалан сумын зааг 43 мянган га газрыг хамран оршдог эл газрыг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авчээ.
Судлаачдын үзэж буйгаар говь, хээр хосолсон цөлөрхөг энэ бүс нь дэлхийд ховордоод буй аргаль, хонины өсөж үржих сүүлчийн нөмөр нөөлөг болсон газар гэж үздэг аж.
Өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, хүний зүй бус үйлдлээс байгаль, ан амьтны унаган төрхийг хамгаалахын тулд гадаад дотоодын байгууллагын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа төдийгүй орон нутгаас таван хүний бүрэлдэхүүнтэй Хамгаалалтын захиргааг байгуулж 2013 оноос эхлэн албан ёсоор ажиллуулж эхэлсэн.
Их нартын байгалийн нөөц газарт 1990-ээд оны сүүлчээр 300 гаруй аргаль угалз байсан бол өнөөдөр 1000 гаруй болж үржсэн гэх албан бус мэдээлэл бий.
Энд жил бүр тусгай сонирхлын жуулчид цөөнгүй ирдэг. Тухайлбал, гэрэл зурагчид байгалийн торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулгадаг тул биологич, амьтан судлаач зэрэг эрдэмтэд судалгаа шинжилгээ хийдэг байна.
Х.Эрдэнэбулган