Устгагдсан малын нөхөн төлбөр олгох эсэх нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-14 13:07:08

Дундговь/МОНЦАМЭ/ Энэ он гарсаар малын гоц халдварт цэцэг өвчний улмаас 22 малчин өрхийн 900 шахам хонийг устгасан байна. Зайлшгүй шаардлагаар устгасан хонинд нөхөн төлбөр олгох уу гэдгийг малчид сураглаж байгаа юм.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар устгасан тохиолдолд тухайн үеийн улсын дундаж үнийн 90 хувийг нөхөн төлнө. Устгагдсан малын нөхөн төлбөрийг хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсанаас хойш 30 хоногийн дотор олгоно гэсэн заалт бий. Хуулийн энэ заалтын дагуу малчдад нөхөн төлбөр олгогдох эсэхийг аймгийн Онцгой байдлын газрын дарга Я. Алтанхундагаас лавлахад, өвчилсөн малыг устгасан тухай акт холбогдох бичиг баримтыг нэгтгээд Улсын онцгой комисст явуулсан. Нөхөн төлбөр олгогдох эсэх дээр тодорхой мэдээлэл бидэнд хараахан алга байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж байгаа зүйл бий байх” гэлээ.

Өнгөрсөн жил болон энэ он гарсаар Дундговь аймгийн хэд хэдэн сумын нутагт хонины цэцэг өвчний голомт үүсч, хүнд хэлбэрэр өвчилсөн хонийг Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх тухай зааврын дагуу устгаж булшилсан. ХХАА- н газрын Мал эмнэлэгийн хэлтсээс өгсөн мэдээгээр 2016 онд 7 сумын 49 малчин өрхийн 782 хонь, энэ он гарсаар 7 сумын 22 өрхийн 894 хонийг устгаж булшилсан байна.

Т. Отгонтуяа 

 

Холбоотой мэдээ