“Тэнгэрлэг аав”-ууд Өргөө цагаан гэртэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Дэлхийн Монгол аялал”, “Дэлхийн Монгол продакшн”-наас зохион байгуулж буй “Тэнгэрлэг аав” тоглолтын орлогоос Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах хэлтсийн гурван ажилтанд өргөө цагаан гэр бэлэглэв.
Энэхүү гэр гардуулах ажилд 27 аавын материал ирсэн бөгөөд үүнээс ард түмнийхээ төлөө хийсэн буян, ач гавьяаг нь хүндэтгэн гурван аавыг сонгожээ.
Шагнал хүртсэн аавуудын гавьяаг дурдвал, БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч онцгой байдлын ахлагч Э.Чандмань-Эрдэнэ нь 84 хүний амь нас, аж ахуй нэгж байгууллага ард иргэдийн 1.683 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас аварчээ.
СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч Онцгой байдлын ахлах ахлагч М.Бямбажав нь төр аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 4.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, таван хүний амь насыг авран хамгаалсан.
БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч онцгой байдлын ахлах ахлагч Б.Өнөрбаян нь иргэд, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн зургаан тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 24 хүний амь биеийг гал түймрийн аюулаас аварсан, үерт автсан айл өрх, хашаа хороонд тогтсон ойролцоогоор 150 тонн ус зайлуулан, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлжээ.
"Тэнгэрлэг аав" шагналт Онцгой байдлын ахлагч Э.Чандмань-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр "Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Онцгой байдалд ажиллаад таван жил болж байна. Өөрийн ажлаараа их бахархдаг. Үргэлж хүн зонд тус дэм болохыг л хичээж явдаг даа" гэв.
Р.Хишигжаргал