Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болж Төсвийн байнгын хороонд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-21 13:52:10

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл энэ оны эцэс хүртэлх хугацааны төсвийн орлого, зарлагыг хэр тооцсоныг тодруулахад Сангийн сайд Б.Болор 2015 оны төсвийн тухай хуулийг 2014 онд батлахдаа нэлээд өөдрөгөөр тооцсон. Харин 2015 оны эхэнд төсөвт тодотгол хийхэд төсвийн орлогыг 900 тэрбумаар бууруулах санал оруулж ирсэн боловч УИХ-аар хэлэлцэх явцад 500 тэрбум болгож бууруулсан. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасрах төлөвтэй байна. Тодотголоор төсвийн орлого, зарлагын тооцоог бодитой тусгасан, хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын даатгалын үйлчилгээтэй холбогдсон зардал өссөн болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг бууруулж тооцсон шалтгааныг тодруулсан юм.

Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Валютын ханшийн зөрүүгээс болж Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалин, даатгалын үйлчилгээ, төлбөр, байрны түрээс, томилолтын зардал зэрэг нь нэмэгдэж байгаа. Даатгалын үйлчилгээний зардлын тухайд гадаад оронд суугаа 350 орчим дипломат ажилтнууд тухайн суугаа орныхоо эрүүл мэндийн даатгалд хамрагддаг, Дипломат төлөөлөгчийн 7 газрын ажиллагсад даатгалд хамрагдаагүй байсныг нэмж тусгасан” гэсэн хариулт өгөв.

Харин Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн дарга Ц.Ганбат “Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогоос цэргийн албан хаагчдын хувцас, сургалтын зардал гэж 5 тэрбум төгрөг хасагдсан” гэсэн хариулт өгсөн юм.

Энэ үеэр Ж.Энхбаяр гишүүн Зэвсэгт хүчнийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 5 тэрбум төгрөг хасах заалтыг хуулийн төслөөс хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив.

Үүгээр 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ