Бага ангиудын дунд монгол хэлний олимпиад зохион явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Бөхийн Баастын нэрэмжит 2-р бүрэн дунд сургууль монгол хэлний олимпиадыг бага ангийн сурагчдынхаа дунд зохион явууллаа.
Түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй хоёрдугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн менежер асан, гавьяат багш н.Амантайн нэрэмжит монгол хэлний олимпиадыг анх удаагаа зохион байгуулж байгаа юм байна. Уг олимпиад нь сургуулийн 90 жилийг тохиолдуулан хийж буй 90 бүтээлч ажлын нэг бөгөөд олимпиадад бага ангийн нийт 25 бүлгийг хамруулснаараа онцлог юм.
Цаашид энэхүү олимпиадыг аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ. Манай аймгийн ЕБС-ийн монгол хэлний хичээлийн заах арга, сурагчдын мэдлэг хангалтгүй гэсэн үнэлэлт дүгнэлт их байдаг учраас сурагчдын монгол хэлний хичээлийн мэдлэгийн түвшинд илүү анхаарч байгаа ажээ.
Б.Уянга