БНСУ-д зорчих виз хүсэгчдийн тоо эрс нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-03-18 14:04:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын зөвлөх И Жэ Юү, БНСУ-ыг зорьж буй иргэд “Харлах” /Визний хугацаа хэтрүүлэн оршин суух/ нь эрс нэмэгдэх болсон учраас Визний журмыг шинэчлэн баталсан тухай мэдээлсэн юм.

БНСУ-д зорчих визний журам шинэчлэгдсэнтэй холбогдуулж Монгол улс дахь тус улсын Элчин сайдын яамнаас баасан гарагт хэвлэл мэдээллийнхэнд зориулж мэдээлэл хийлээ. Энэ гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа уг журмыг виз мэдүүлэгч зарим иргэн мэдээлэл аваагүйн улмаас ЭСЯ-нд ирж хүндрэл учруулж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин мэдэгдэхээр уг хэвлэлийн бага хурлыг зарлажээ.

"БНСУ-д 2016 оны 11 дүгээр сард 110 хүн харласан бол 12 дугаар сард 213 хүн, 2017 оны нэгдүгээр сард 221 хүн харласан мэдээ байна. Өдөрт виз мэдүүлэхээр орж ирж байгаа хүмүүсийн тоо 600-700 болж нэмэгдсэн. Манай улсад харлаж буй хүмүүсийн тоо ч нэмэгдэж болсон учраас хяналт чангарч байгаа. Монголчууд БНСУ-д харлаж буй хүмүүсийн тоогоороо эхний гуравт орж байгаа. Визний өөрчлөлтийн хувьд байнгын виз гэж байхгүй болж, олон удаагийн виз авдаг болж байна. Визгүй зорчих нөхцлийг хангасан иргэдэд олон удаагийн виз олгоно. Ийм зорчигч нь сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа БНСУ-ын хилээр орсон хүнийг хэлэх юм. Мөн БНСУ-ын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн хамрагдаж байгаа. Урьд нь журамд байгаагүй заалт бол сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэй. Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш гурван жилийн дотор хууль бусаар оршин суусан, БНСУ-ын бусад хууль тогтоомж зөрчиж таван сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргасан хүн хамрагдахгүй юм. Энэ журмаар тус улсад харлахаар үлдэж буй хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлтэй байгааг Элчин сайдын зөвлөх онцолж байв.

Мөн өмнө нь Монголоос БНСУ руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр тус улсад ирсэн тохиолдолд визгүй нэвтрүүлэх юм. Уг журамд өмнө нь Европын найман улс байсныг Европын 30 улс болгож нэмсэн байна.

Зарим тоо баримтыг онцлон дурдахад, Монгол Улсын иргэдээс БНСУ-ын ЭСЯ-нд тус улсад зорчих визний хүсэлт 2012-2013 онд 33 мянга, 2015 онд 55 мянга, 2016 онд 67 мянга болж өссөн байна. Харин 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл өдөртөө 600 гаруй визний хүсэлт ирж байгаагаас үзэхэд энэ онд 100 мянгад хүрэх хандлага байгаа аж. Виз нь зөвшөөрөгдөхгүй байгаа хүмүүсийн ихэнх нь тус улсад зорчих зорилгоо буруу тодорхойлох, өөрийн тухай мэдээллээ буруу өгөх зэргээс визний шаардлага хангахгүй байдаг. БНСУ-д 2015 онд 2500 орчим хүн харласан бол 2016  онд 2000 орчим хүн харлажээ.  

Д.Өлзий

Холбоотой мэдээ