Иргэдээ сонсох “11-11” төв дахин үүд хаалгаа нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-20 17:47:23

Иргэдийн сайн дурын санаачилгаар “Иргэдээ сонсох 11-11 төв”-ийг өнөөдөр    “Гэгээ төв”-д нээлээ. Үүсгэн байгуулагчдын санхүүжилтээр бүтсэн тус төв өнөөдрөөс эхлэн иргэдийн санал, гомдлыг хүлээн авах юм байна.

Иргэний 11-11 төвийн үүсгэн байгуулагч М.Хүдэрбаатар нээж хэлэхдээ, “Тус төвийг  2012 онд Шинэчлэлийн Засгийн газар албан ёсоор нээж, иргэдийн  санал, гомдлыг хүлээн авч ажилласан. Ингэхдээ олон ч булхайг илчилсэн. Одоо бид иргэдийн санал гомдлыг холбогдох газар нь уламжлаад эргээд иргэддээ  мэдээллэх эргэх холбоог үүсгэж байна. Мэдээж хэрэг хүндрэлтэй зүйл гарах байх. Гэхдээ бид үүнийг хууль, эрхзүйн орчинд шийдэж, иргэдийнхээ дуу хоолой болж ажиллана.

Үүнээс гадна манай төв нь улиралд нэг сэдвийг онцолж иргэдийн саналыг хүлээн авна. Энэ улирлын онцлох сэдэв бол “Эрдэнэтийн 51 хувь” юм.  Сонгуулиас хойш тус үйлдвэрийн 41 хувийн асуудлаар нэлээн ярьсан. Харин 51 хувийн талаар ерөөсөө хөндөөгүй. Сүүлийн жишээ татахад Оросын тусгай аудитаар шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл сүүлийн 27 жилийн Эрдэнэтийн шахааг шалгасан. Энэ шалгалтаар 6.1 тэрбум төгрөг улс төрчдийн  шахааны бизнес болсон нь тогтоогдсон” гэлээ.

Нээлтийн үеэр Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны 50 настай иргэн Б.Мөнхбаяр анхны үйлчлүүлэгч нь болж хоёр асуулт тавьсан юм.  Тэрээр  Монголчууд монгол төгрөгөө хэвлэх эрх бий юу. Улаанбаатар хотыг нүүлгэх асуудал юу болсон бэ. Бид  нүүж чаддаггүй юмаа гэхэд үр хүүхэд маань сайхан агаартай, машинаа тавих газар амьдрах хэрэгтэй шүү дээ” хэмээв.

Тус төвийн талаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Ш.Пүрэв хэлэхдээ, Би урьд нь 11-11 төвийн утсаар үйлчлүүлж байсан. Хотын үйл ажиллагаанд эл төв эерэг үр дүн авчирсан. Иргэдийнхээ үгийг сонсох зорилгоор дахин нээж байгаад нь баяртай байна. Иргэдээ сонсдог байж л ажил өрнөнө” хэмээн онцлов.

Дашрамд дурдахад  тус төвтэй 7712 1111 утсаар болон 1111 tuv гэсэн фэйсбүүк хаяг, @irgen 1111 tuv гэсэн твитер хаягаар холбогдох боломжтой аж.

Р.Хишигжаргал.

Холбоотой мэдээ