Шуурганд төөрсөн 2 хүн олдоогүй байгаа учир эрлийн нэмэлт хүч гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-24 12:58:43

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт нутгаар энэ сарын 21-нээс цас орж байгаль цаг уурын нөхцөл байдал хүндэрч байна. Аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөө хуралдаж дөрвөн сум руу аврах болон эрлийн нэмэлт хүч гаргалаа.

Тус аймгийн нутагт гурван өдрийн турш цас орж, нөхцөл байдал хүндэрч байна. Аймгийн онцгой комисс хуралдсан даруйдаа Булган, Сэврэй, Баяндалай, Цогт-Овоо, Цогтцэций сумдад аврах болон эрлийн групп ажиллаж байсан бол өнөөдөр буюу 3 сарын 24-ний Онцгой комиссын хуралдаанаар дөрвөн аврах, эрлийн болон өвс тэжээлийн тусламжийн группыг Баяндалай, Булган, Сэврэй сумд руу нэмж гаргалаа. Аймгийн хэмжээнд 17 хүн алга болсон төөрсөн мэдээллийг авснаас 15 хүнийг амьд мэнд олсон байна. Одоогоор Сэврэй, Баяндалай суманд төөрч алга болсон гэх 15 настай хүүхэд, 51 настай хүнийг эрэх ажил үргэлжилсээр байна.

Хүрмэн суманд  өнгөрсөн шөнө аюулт үзэгдлийн түвшинд хүрч цасан шуурсан байна. 24-ний өдөр Өмнөговь аймгийн зүүн сумдад шуурах төлөвтэй байгаа тул малчид иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ